АН-ын даргын сунгаанд нэр дэвших МАГАДЛАЛТАЙ ЭРХМҮҮД

Б.Ариунзаяа
2023/01/26

Лу.ГАНТӨМӨР

- Дүрмийн бус сунгаанд ялагч болсон ч Дээд шүүхэд бүртгүүлэх асуудал нь тун бүрхэг байгаа Г.Гантөмөр хууль ёсны АН-ын зарласан Сунгаанд өрсөлдөх талаар бодолхийлж байгаа гэх мэдээлэл байна.
Учир нь, С.Эрдэнэ даргын зарласан сунгаа түүний хувьд нээлттэй гэдгийг хэлсэн. Хэрэв хууль бус сунгааны ялагч хууль ёсны сунгаанд ялчихвал Дээд шүүх бүртгэхгүй гэх аргагүй юм. Тиймээс зүтгэсэндээ зүтгээд үзэх магадлалтай юм.

С.БАЯРЦОГТ

- С.Баярцогт vs Лу.Гантөмөрийн оролцсон сунгаа бөхөөр бол Улсын наадамд бус АН-ын бүлгийн нэрэмжит заалны барилдаан гэсэн үг. Одоо жинхнээсээ хэн нь “Намын дарга” цол авах вэ гэсэн үхлийн тулаан эхлэх гэж байна. С.Баярцогт бол нэг унасан бөхдөө хоёр унах жижиг гар биш. Тэгээд ч унасан бөх ууртай. Даагаа нэхэж далаар нь тавих хүсэл нь С.Баярцогтыг АН-ын даргын сунгаанд ахин нэг үзэх талаар бодогдуулж байгаа нь тодорхой. Тэгээд ч Лу.Гантөмөр биш С.Баярцогт л Дээд шүүхэд том артай. Бүртгэвэл С.Баярцогтыг л бүртгэнэ гэх шум эртнээс явсан.

Л.ГҮНДАЛАЙ

- Ямар ч үед голыг нь олоод үгээ хэлчихэд гүдэсхэн чанар нь түүнийг олны танил улстөрч болгосон. Энэ удаа ч тэр голыг нь олоод хууль ёсны сунгаанд нэр дэвшихээр бүртгүүлсэн байна. Сошиал ертөнцөд маш олон дэмжигч дагагч нартай түүнийг АН-ын нүүр царай болж олон нийтийг байлдан дагуулж чадах бүрэн потенциалтай гэж үздэг. Тэгээд ч зүгээр нэг хүн биш хал үзэж хашир суусан улстөрч Л.Гүндалай шүү дээ. С.Баярцогт, Лу.Гантөмөр хоёрыг далаар нь тавиад гараад ирж мэдэх л хүн.

Д.ГАНБАТ

- УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат гишүүн Сунгаанд нэрээ дэвшүүлсэн гэх мэдээлэл байна. УИХ дахь сөрөг хүчний үүргийг ганцаараа ч гал алдахгүй хэмжээнд авч яваа түүнийг АН-ын даргаар сонгогдоод гараад ирэхэд хэн ч гайхахгүй бэлтгэгдсэн улстөрч билээ.

Д.ЭРДЭНЭСУВД

- Төв аймгаас УИХ-д дэвшиж явсан энэ бүсгүй өдгөө АН-ын генсекээр ажиллаж буй. АН 32 жилийн түүхэндээ хоёрхон эмэгтэй генсектэй байсны нэг нь Д.Эрдэнэсувд. Түүнчлэн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүнээр ажиллаж байгаа нь эмэгтэй гишүүдийн дэмжлэгтэйг нь харуулна.

Г.БАЯРСАЙХАН

- УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан АН-ын даргын сунгаанд өрсөлдөх хүмүүсийн нэг. Хууль ёсны Ардчилсан намын бүхий л үйл ажиллагааг дэмжин оролцдог нь намын гишүүдийнхээ дэмжлэгийг аваад гараад ирж мэдэх кандидатын нэг болгож байгаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар ажилласан намтар нь АН-ын даргад бэлтгэгдсэнийг нь илэрхийлнэ.

Б.ПУНСАЛМАА

- Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, СХД-ээс УИХ-д нэр дэвшиж байсан Б.Пунсалмаа АН-ын залуу үеийн төлөөлөл.
М-ойл групийн захирал, Mongol made төслийн үүсгэн байгуулагч зэрэг намтараас нь харвал амжилттай бизнесмэн, CEO болох нь тодорхой. Улстөрд бол АН-ын ирээдүй болсон залуусын нэг.

А.ЦЭРЭНБАТ

- Ардчилсан намын ирээдүйн дүр төрхийг тодорхойлж буй цөөн залуусын нэг.
АН-ын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай, өдгөө Нийслэлийн АН-ын дэд даргаар ажиллаж байгаа А.Цэрэнбатыг боловсролтой, харизмтай гэж үнэлдэг. Эрх баригчдын эсрэг зоригтой дуугарч байгаа цөөн залуусын нэг учраас АН-ын гишүүдийн дэмжлэг өндөр байдаг.

Д.ЭНХТУЯА

- НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн АН-ын дэд дарга Д.Энхтуяа энэ удаагийн сунгаанд залуу үеийн төлөөлөл болж дэвших магадлалтай байна. НИТХ дахь сөрөг хүчний үүргээ давгүй биелүүлчихдэг, АН-ынхаа дуу хоолой, өнгө төрх нь болж яваа чадварлаг, боловсролтой цөөн бүсгүйчүүдийн нэг учраас намынх нь гишүүд дэмжээд гаргаад ирэх магадлалтай хүмүүсийн нэг юм.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.70.89
    2023/01/26

    Офшор Баярцогтыг даргаараа сонгоод АН нэгмөсөн булшлагдаасай.

    Хариулах
  • 202.131.233.11
    2023/01/26

    Энхтуяа чинь авгай шүү дээ

    Хариулах