УИХ-ын хянан шалгах түр хорооноос 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах 2 дахь сонсголын талаарх хэвлэлийн хурал болж байна.
Б.ЭНХБАЯР:
- УИХ-аас баталсан Хяналт шалгалтын тухай хуульд зааснаар сонсгол болохоос 7 хоногийн өмнө олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй гэж хуульчилсан. Үүний дагуу ирэх долоо хоногийн даваа гарагт мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлалаа.
- Хоёр дахь удаагийн сонсголоор гурван асуудал хэлэлцэнэ.
- Нэгдүгээрт, Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийгдэж байсан байдал, дүгнэлт, тэдгээрээс гарсан зөвлөмжийн үр дүнг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой 21 албан тушаалтныг гэрчээр дуудна. Түүний нэг нь миний бие. 2016 онд Засгийн газраас хийгдсэн хяналт, шалгалтын ажлын хэсгийн ахлагчийн хувьд гэрчээр оролцоно.
- 2020 онд хийгдсэн шалгалтын асуудлаар Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагуудын нэг бол Г.Амартүвшин, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэр бүхий албан тушаалтнууд гэрчээр асуугдана.
- Хоёрдугаарт, Хөгжлийн банкны охин компани болох "DBM leasing" компаниас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлтийг хэлэлцэнэ. Энэ асуудлаар 40 орчим санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн. Нэмж тодруулах шаардлагатай, зөрчилтэй, эргэн төлөлт хангалтгүй байгаа 10 орчим хэлцэлүүдийг ярилцана. Нийт 35 гэрч дуудагдана.
- Гуравдугаарт, 2012-2016 оны хооронд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн улсын төсөвт суусан Засгийн газрын төсөл хөтөлбөрийн багцийг хэлэлцэнэ. Энэ бол зээл биш. 2012-2016 оны үед хэрэгжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг сонсоно. Одоогоор 43 гэрчийг дуудахаар байна. Шалгалтын ажил үргэлжилж байгаа. Энэ тоо нэмэгдэж болно. Тухайлбал, Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Төслийн удирдах хорооны дарга бөгөөд Барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан н.Эрдэнэбүрэн, Молор констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Эрдэнэ, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг, Шинэ төмөр зам төслийн хүрээнд нэлээн олон хүн дуудагдахаар байгаа. Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан н.Батзаяа, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга асан н.Цогтбаатар, "Түмэн хишигтэн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Намуун, Номин нарыг дуудагдахаар байна.
Сонсголыг ажлын таван өдөрт гэж төлөвлөж байгаа ч гурав өдөрт багтааж явуулах боломжтой юм байна гэсэн дүгнэлт гаргаад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.120.183
Энхбаяр мундаг шүү, дэмжиж байна
Хариулах