- Хориг  МАН-д хэн нь “ноён” бэ гэдгийг харуулах нь- 

Улс төрийн намууд зодоонтой байна. Тэд эрх мэдлийн төлөө “Орондоо орох завгүй олзлолдон булаалдаж, хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэлдэж” байна.

АН-ынхан тамгаа булаацалдаж байх зуур МАН-ынхан ч зүгээр суусангүй. Ам нээх болгондоо л бид эвтэй байгаа, хэн ч биднийг салгаж чадахгүй хэмээн уянгалдаг тэд хоёр тийш болсон нь нэгэнт тодорхой болжээ. 

АН-ынхан үргэлжлүүлэн УДШ дээр улс төр хийж, аль аль талаасаа нөлөөлөх гэж оролдох бол МАН-ынхан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу эсвэл эмэгтэйчүүдийн байгууллагаа өгөх үү гэдэг сонголтыг хийх гэж байна. Үүний гол зохицуулагч нь Г.Занданшатар байх биз. 

ЦХХХ-ны сайд Н.Учрал Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хоёрхон хоногт батлуулсан нь шүүмжлэл дагуулсан. Н.Учралын цаана уг хуулийг “пуужиндуулсан” хүн нь мэдээж Л.Оюун-Эрдэнэ. Манай хууль тогтоох түүхэнд нэг хуулийг хоёрхон хоногийн дотор баталж байсан удаагүй. Байсан ч тун цөөн. ЦХХХ-ны сайд Н.Учрал үүнийгээ “Үнэнээ хэлье, надад өөр арга байгаагүй. Гурав хоногийн хугацаанд энэ хуулийг батлаагүй бол хэзээ ч батлагдахгүй байсан. Өнөөдрийн сошиал орчинд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэх малгайн дор мэдээлэл түгээгээд байгаа троллчдыг бид дийлэхгүй” хэмээн өөрийгөө хамгаалсан ч Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд уг хууль бүхэлд нь хориг тавьчихав. Түүгээр ч барахгүй уг хуулийг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжихээр баталсан нь Ерөнхийлөгчийн хориг тавих эрхэд халдсан үйлдэл гэлээ. 

Энэ нь Ерөнхийлөгч хийгээд Ерөнхий сайд нарын хагарал хурцдсаныг илчлэв. Одоо тэд УИХ дээр нэгнийгээ үзэх нь. Харин УИХ хориг хүлээж авах эсэхээс МАН-д хэн нь ноён бэ гэдэг нь харагдах нь байна.

Ер нь МАН-д У.Хүрэлсүхийн хүчийг сулруулах ажиллагаа үе дараатай явагдаж буй. Өнөөдөр гэхэд л МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус Их хурал болж, дараагийн Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. 

Уг холбооны Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүхийн хүн хэмээн Засгийн газар болгонд сайдын суудлаар мялаалдагддаг Д.Сарангэрэл 2019 оноос эхлэн ажиллаж буй. Гэвч тэрбээр эмэгтэйчүүдийн холбооныхоо ажлаа өгөхгүйн тулд холбооны Их хурлыг удаа дараалан хойшлуулжээ. Түүгээр ч барахгүй ээлжит бус Их хурлыг хуралдуулахдаа хэлэлцэх асуудлын дараалалд Ерөнхийлөгчийг шинээр сонгох асуудлыг оруулахгүй хэмээн зүтгэсэн талаарх бор шувуу ч хаа сайгүй жиргэх.

Ойрын үед улс төр ийнхүү халуухан байх нь.