УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргасан талаар бид мэдээлсэн.  Тэрбээр чөлөөлөгдөх шалтгаанаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн албан бичигтээ дараах байдлаар тайлбарлажээ.

Ж.МӨНХБАТ:

- Настай ээж минь гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Энэ нь хувь хүний эрүүл мэнд зовлон жаргалтай холбоотой асуудал учраас олон нийтэд дэлгэрэнгүй тайлбар боломжгүй. 

Сүүлийн жилүүдэд намайг концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машинтай гэхчлэн олон асуудалд хилсээр нэр холбож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар явуулж байна.

Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр тайлбарлаж байсан ч буруутан гэмтэн мэт сэтгэгдэл нийгмийн зарим хэсэгт үлжээ. Тиймээс эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас хэрвээ намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байна гэжээ.