ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Зуны цагийн хуваарьт шилжих тогтоолын төсөл"-д санал авахаар холбогдох газруудад албан бичиг хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэхээр товлоод байсан ч долоо хоногоор хойшлуулсан. Учир нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө Засгийн газрын хуралд оролцож байж уг асуудлыг танилцуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Гэвч уг саналыг зарим яам эсэргүүцэж буй. Тодруулбал БШУЯ дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн.

БШУ-ы сайд Л.ЭНХ-АМГАЛАН: 

Яамдууд энэ санал асуулгад гарч болох эрсдэл болон давуу талыг сайтар тооцож байж санал өгч, нэгдсэн шийдвэрт хүрэх хэрэгтэй гэж бодож байна. Цагийн тооллыг шилжүүлэх тухайд эдийн засгийн агуулгаар нь Сангийн яам дэмжсэн байр суурь илэрхийлсэн. Харин Боловсрол шинжлэх ухааны яамнаас сурагчдад ирэх ачаалал зэргийг харгалзаж сайдын хувьд эсэргүүцэж байгаа" гэсэн юм.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр уг саналынхаа талаар тайлбар хийлээ.

Д.АМАРБАЯСГАЛАН: 

- Зуны цагийн хуваарьт шилжих асуудал дээр иргэдийн зарим нь сөрөг нөлөөтэй гэж эсэргүүцэж байна. Сурагчдын амралт эхэлж байгаа энэ цаг үед нэг цагийн зөрүүг 7 хоногийн хугацаанд зохицуулах бүрэн боломжтой. Олон улсын жишгийг авч үзвэл дэлхийд сурлагын түвшингээрээ эхний 20-т явдаг улсын 19 нь зуны болон өвлийн цагийн хуваарьт шилждэг байх жишээний. Нөгөө талаар эдийн засгийн хувьд урт хугацаандаа ашигтай. Тухайлбал эрчим хүчний салбарт 2 хувийн хэмнэлттэй гэсэн судалгаа бий. Хэрэв энэ 2 хувийн өөрчлөлт урт хугацаандаа ямар бодитой эдийн засгийн үр ашигтай вэ гэдгийг тооцох хэрэгтэй. ОХУ – Украины дайнаас үүдэж баруун Европт гэхэд л иргэд эрчим хүчний хэмнэлтийг амьдралынхаа хэв маягт оруулж байна гэлээ.