"MEC" судалгааны байгууллагаас тогтмол хийдэг энэ сарын улс төрийн барометрийн судалгаагаа гарчээ. Энэхүү судалгааг "MEC" ХХК нь ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр гүйцэтгэдэг байна.

Энэ удаагийн судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1206 иргэнээс энэ сарын 9-12-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж утсаар цуглуулжээ.

Судалгааны дүнгээс харахад үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэргүүлжээ. 

Иргэдийн 22 хувь нь түүнийг түгжрэл шийдээгүй гэж шүүмжилсэн бол 20 хувь нь худлаа попордог, 16 хувь ажлаа хийж чаддаггүй, 12 хувь нь үр дүнтэй шийдвэр гаргахгүй байна гэж үзжээ. Мөн иргэдийн 10 хувь нь нүүрсний хулгайд оролцсон хэмээн буруутгасан байна. 

Түүний араас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЦХХХ-ны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нар орсон байна.