Монголын санхүү, хөрөнгийн зах зээлийг сэрээсэн хамгийн том чуулга уулзалт энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ бол “Хөрөнгө оруулагч үндэстэн” нэгдсэн арга хэмжээ. Ард санхүүгийн нэгдлийн "автор" болсон нийгмийн хариуцлагын “төсөл” гэвэл ононо. Одоогоос долоон жилийн өмнө анх санаачлан эхлүүлж байсан форум 4-дүгээр сарын 29-30-нд Соёлын төв өргөөнд бүтэн хоёр өдрийн турш болно. Тус форум өдгөө өөрийн гэсэн өнгө төрхөө нэгэнт олж, цаг үе, зах зээлд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн байна. Том зургаар нь авч үзвэл, санхүүгийн зах зээлийн хөгжлийг шат ахиулахад түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 6.6 их наяд болж, бүх цагийн үеийнхээ хамгийн өндөр дээд түвшинд ирээд байна. 

Системийн нөлөө бүхий банкуудын IPO жил дамнан үргэлжилсэн, хаалттай хэлбэрээс нээлттэй засаглал руу компаниуд шилжиж эхэлсэн, төр өөрийн мэдлийн өмчөө бууруулж, олон нийтэд 34 хүртэлх хувиа санал болгосон зэрэг өөрчлөлт, шинэчлэл хөрөнгийн зах зээлийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байна. Сонирхлыг тэр хэрээр нэмэгдүүлж, өөртөө татаж байна. Анхаарлын төвд орж байна. Биржийн болон биржийн бус зах зээл аль аль нь уралдан өндийж ирлээ. “Хөрөнгө оруулагч үндэстэн” форум нь энэ удаад “Баян Монгол” уриаг дэвшүүлсэн нь зах зээлийн хөгжил дэвшилтэй шууд холбоотой биз ээ.


Урьд өмнө нь хөрөнгийн зах зээл, санхүүгийн орчин, түүний боломж, эрсдэл, өгөөжийн талаар олон нийтэд хандсан, мэдлэг боловсрол олгоход чиглэсэн, хуваалцсан арга хэмжээ, уулзалт хэлэлцүүлэг бараг л байсангүй. Өмч хувьчлалын ягаан, цэнхэр тасалбар л хөрөнгийн бирж рүү зүглэх, хаана байдаг эсэхийг нь тодруулан сураглах тов тодорхой шалтгаан болж байлаа. Санхүү, хөрөнгийн зах зээлийн орчин унтаа, уйтгартай, зах зээлийн боломж, холбоотой мэдээлэл нь олон нийтэд төдийлөн хүртээлтэй биш байв. Хөрөнгийн зах зээл, хувьцаа, бонд хол хөндий санагддаг байсныг тоочих нь илүүц биз. 

Харин өнөөдөр энэ бүхэн эрс өөрчлөгдсөн байна. Зах зээл идэвхжиж, арилжаа сэргэж, хөрөнгө оруулалтын олон хэрэгсэл хөгжжээ. Хүмүүс мөнгөө өсгөх, хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх арга ухаанд суралцаж, зах зээл дэлхийн сайн жишиг рүү улам ойртон тэмүүлж байна. Иргэдэд сонголт бий болж, үүний тулах цэг нь хөрөнгийн зах зээл болсон байна. Олон нийтийн санхүүгийн боловсрол, хөгжиж буй хөрөнгийн зах зээлд шууд болон шууд бус байдлаар томоос том эерэг нөлөө үзүүлж чадсан “Хөрөнгө оруулагч үндэстэн” нь дээрх “уур амьсгал”-ыг авчирсан гэвэл дэгсдүүлсэн болохгүй байх аа. 

“Хөрөнгө оруулагч үндэстэн” форум нь зөвхөн “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувийн орон зай биш юм. Энэ бол зах зээлийн бүхий л оролцогч талуудын уулзах цэг. Ярилцах, мэдээлэл сонсох, төр засгийн бодлогыг, санхүү, хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг тандах, эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэх, шинэ төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг сонжих, сонирхох талбар. Товчхондоо, хөрөнгийн зах зээлээр амьсгалах нээлттэй “мэдээний өрөө” юм. Хөтөлбөр ч эдгээрийг бүрэн дүүрэн илтгэх аж. 

Зах зээлээ хөгжүүлэх, урьдчилан харах, өрсөлдөөнийг тодотгох, мэдлэг хуваалцах, улсаараа хөрөнгө оруулагч байх тэрхүү цаг үеийг ойртуулахын төлөө зорьсон “Хөрөнгө оруулагч үндэстэн” форум нь үнэ цэнэтэй, өгөөжтэй мэдээллийн эх сурвалж байж ирсэн. Нэг талаар төр засгийн, зохицуулагч байгууллага, холбоо, төрийн бус байгууллагын хийх ёстой ажил, үүргийг “Ард санхүүгийн нэгдэл” өөрсдийн итгэл үнэмшил, үнэт зүйлийнхээ нэг хэсэг болгосон байна. 


“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал, форумыг санаачлагч Ч.Ганхуяг “Бидэнд итгээд ороод ирчихсэн хүмүүс одоо ашиг шимээ хүртэж эхлэх ёстой. Хөрөнгө Оруулагч Үндэстэнд орж, нэгдсэн бүх л хүмүүстээ баярлалаа. Орж амжаагүй бол заавал нэгдэж нийлээрэй. Бидний хийж буй ажилтай сайн танилцаж судлаарай. Дэмжээрэй. Итгэл байвал зүтгэл байдаг гэж ярьдаг. Үүнийг бид утгаар нь хийж чадаж байгаа шүү. Айхавтар их хүлээлгүй, нэгдэж нийлээд хамт яваарай гэж хүсэж байна.Монголын ирээдүйд би итгэдэг. Сохроор итгэх бус гэрэлтэй гэгээтэй амьдрахын тулд хамтдаа нэгдье, хийе гэж уриалаад байгаа юм. Хөрөнгө Оруулагч Үндэстэн бол үүнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж, хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байна. Аливаа нийгмийн сайн сайхны эхлэл хүний доторх сэтгэлийн өөрчлөлт, амьдралын үнэт зүйл, хандлагаас эхэлдэг гэдэгт би итгэдэг” хэмээн Mongolian economy сэтгүүл ярьжээ. 

“Хөрөнгө оруулагч үндэстэн”-ийг 2016 оноос эхлэн зохион байгуулж буй “Ард санхүүгийн нэгдэл”-ийн найман компани нь нээлттэй хувьцаат компани болж, Монголын хөрөнгийн биржид бүртгэгдсэн байна. Тэрчлэн Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани болжээ. Тодруулбал, хувьцаа эзэмшигчдийн тоо нь 100 мянгыг хол давсан байна. Харилцагч нь 1.3 саяд хүрчээ. Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржээс “Хамгийн олон нээлттэй хувьцаат компанийн нэгдэл” хэмээн “Ард санхүүгийн нэгдэл”-ийг онцолсон. Мөн хөрөнгийн зах зээлд хамгийн анхны хамтын хөрөнгө оруулалтын сан болох “Үндэсний хувьчлалын сан”-г үүсгэн байгуулсан билээ. Хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг таниулах, ойлгуулах ажлыг эхлүүлсэн “Хөрөнгө оруулагч үндэстэн” форум нь жилээс жилд цар хүрээ нь тэлж, оролцогчдын тоо нэмэгдэж байгаа. Монголын эдийн засгийн чуулгантай дүйцэх хэмжээний өндөр агуулга дор санхүү, хөрөнгийн зах зээлийн ээлжит форум айсуй. Хөрөнгө оруулагч үндэстэн “Баян Монгол”-ыг бүтээнэ. 

Б.Тулгат