УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа хэлсэн үгнээс онцлох ишлэлүүдээс хүргэж байна. 

  •  - Өнөөдрийн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт бол 2019 оны ҮХНӨ-ийн дутууг гүйцээж байна гэж ойлгож болно.
  • - Сүүлийн 30 жил нийгэмд бугшсан авлига, хээл хахууль болон өмч хувьчлалаас эхлэлтэй олон алдаа завхралуудыг засах олон нийтийн хүсэмжлэл Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд тусгалаа олсон гэж үзэж байна
  • - Үндсэн хуулийн өөрчлөлт олон эерэг үр дагаврыг авчирна гэдэгт итгэж байна. Түүхэн үүргээ маргаашаас эхлээд гүйцэтгэх болно
  • - Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу УИХ-ын тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиуд  өөрчлөгдөнө. Ингэснээр  цогц өөрчлөлт болж чадна
  • - Үндсэн хуульд оруулсан  өөрчлөлт батлагдмагц маргааш бүх юм сайхан болчихно гэсэн үг биш. Дагаж гарах органик хууль, үндсэн хуульчилсан хууль, процессын хуулиудаа даацтай, нийт ард түмний эрх ашигт нийцүүлж батлах хэрэгтэй
  • - Өнөөдрөөс Монголын нийгэмд том шилжилт эхэллээ гэж үзэх ёстой. Алдаанаасаа суралцсан, илүү хэрсүүжсэн, илүү олон зөв өөрчлөлтийг нийгэм хүсэмжилж байна. Шударга ёс, үнэн зөвийг иргэд хүсэмжилж байна. Хэрсүү иргэд тэнцвэртэй үнэн бодит мэдээллийг хүсэмжилж байна
  • - Төр, иргэний итгэлцлийг холдуулж, парламентын нэр хүндэд  зохион байгуулалттай халдаж, ардчиллын нэр хүндийг унагах гэсэн  санаатай, санамсаргүй үйлдэл гарч байна
  • - Эдийн засаг өсч, буруу булхай илчлэгдэж, бохир арга барил үйлчлэхээ больж байгаа нь гадаад, дотоодын зарим бүлэглэлд таалагдахгүй байж болно. Харин монголын төр шударга, шийдвэртэй өөрчлөлт хийхээ тод томруун харуулах ёстой
  • - Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө УИХ-ын гишүүд  илүү их хичээж, хөдөлмөрлөж ажиллахыг уриалж байна