Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхээ байгаад маш удаж байна. Өөрсдөө дотроо эмхгүй, Л. Гантөмөр хэмээх даргатай болсон боловчиг, мөнөөх хүн нь элдэв сангийн булхай бусармагт орооцолдоод ямар ч нэмэргүй нэгэн болж гүйцлээ. Монгол улс хүчтэй, хөгжилтэй байхын үндэс нь сөрөг хүчин, Монголд Ардчилсан намын үйл ажиллагааны чанар юм. Гэвч энэ нам эрх баригчдын “гөлөг”, халаасны цүнхчид болсныг нийгэм тод томруун харж байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх, хүйсийн тэгшийг дэлхий шаардаж, эрх баригчид өөрсдөө амлаад, тэрийгээ Сонгуулийн хуульд биелүүлэхгүй байхад, асуудлыг зөв рүү чиглүүлэх байтугай бөгсөө хавчаад зугатаж байх юм.

АН өөрөө 40 хувь гэж зарлачихаад одоо асуудал нь ид яригдах үед алга болж байгаа нь хачирхалтай. Ардчилсан намынхан тэр дундаа Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Ж. Батсуурь, Ш.Адьшаа нар эсэргүүцэх бүү хэл дагалдан налигнаж, нохой засуулсан хүндээ янагийн үлгэрийг үзүүлж сууна. Засаглал дорвигүй, авлига гаарч, ажилгүйдэл оройлж, улс оронд болж бүтэж байгаа юм нэн ховор байхад сөрөг хүчний эдгээр нөхөд ингэж арчаагүйтэж байгааг ард түмэн харж, бухимдал, зүхэл нь тоймоо алдаж байна. Ардчилсан нам өөрөө 40 хувийн квотыг санал болгочихоод таг дуугүй, өлбийсөн ийм байдалтай, хоёр хүүхнээ орхиод, хүн амын төлөөллийн 51 хувийг шийдвэр гаргах түвшинд гаргуунд нь гаргасан байдлаар хандаж байгаа нь, энэ хуульд огт ач холбогдол өгөхгүй, өөрсдийн нь амин хувийн эрх ашиг, холио солио, эрх мэдлийн нь өрмөөс нь хуваалцах, өөрсдөд нь хэрэгтэй аливаа сонирхол дагуулахгүй байгаагаар ойлгогдож байна. 

Амласан бол амлалтаа биелүүлэх ёстой гэж Цахиагийн Элбэгдорж нь хэлж байна лээ. Ардчилсан Ерөнхийлөгч нь, Б. Пүрэвдорж, Ц. Туваан, Ж. Батсуурь нарыг улс төрд хэл хөлд оруулсан хүн нь ингээд байхад л , тэдгээр гишүүн болсон нөхөд хүйсийн төлөөлөх эрхийн эсрэг лаахайдан сууж, биеэ тоож байгааг олон нийт шигжин зэвүүцэж байна. Адаглаад дэргэдээ байгаа Д.Ганбат, О.Цогтгэрэл, С.Ганбаатараасаа суралц л даа. Угтаан төлөөлөх эрхийн энэ асуудалд, хүртээмжид Ардчилсан нам оройлон зүтгэж, уран улс төр хийж, эрх баригчдыг ичээн ялах төгөлдөр боломж байхад ингэж арагш сууж байгаа нь Монголын эсрэг байна. АН-ын халаасанд алийн болгон байх вэ. Эрх ашиг, хонжоо дагасан асуудал дээр улай дээр цуглах хэрээ шиг гараад ирдэг мөртлөө хүний эрх, хөгжлийн бодлого дээр сүүлээ хавчаад зугатдаг. АН-ын гишүүдээ Монголын эсрэг байхаа больцгоо...