Бизнесийн салбарынхан төрд чухам ямар ч санаагаар шургалдгийн тод жишээг нэр бүхий УИХ-ын гишүүд чуулганы танхимд яруу тодоор харуулж суух юм. Тэд амин хувийн бизнесийнхээ төлөө ёстой л арслан барс мэт тэмцэлдэж байна.

Шатахуун импортлогчид үе, үеийн УИХ-д төлөөлөлтэй байж ирсэн. Энэ удаагийн парламентад "Тэс петролиум" компанийн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Сод Монгол компанийн Д.Анандбазар, М ойл компанийн хүн гэгддэг Д.Пүрэвдорж нар халаас нэг хамуудыгаа төлөөлж буй.

Тэдний нууц биш ил зорилго нь бизнесээ хуулиар хамгаалах. Ер нь бизнесийн салбарынхан хэдэн тэрбумыг зараад ч болов УИХ-ын гишүүн болох гэж зүтгэдгийн цаад шунал нь энэ. Тухайлбал хоёр жилийн өмнө Онцгой албан татварын хуульд нэр бүхий гишүүн хуурамч шатахуун гэж цамнасаар дизель түлшний гол түүхий эд болох керосин, нафтад татвар ногдуулж дөнгөсөн. Үр дүнд нь дотоодын хэрэгцээнийхээ дөнгөж 10 хүрэхгүй хувийг л үйлдвэрлэж байсан дизель түлшний үйлдвэрүүд хаалгаа барьж, шатахуун импортлогчид дизель түлшний салбарт ноёрхлоо тогтоосон билээ.

Манай улсын нэг зовлон нь шатахуун, нефтийн бүтээгдэхүүн. Хараат байдлаасаа хэр эрт гарна тэр чинээгээр эдийн засаг сэргэнэ гэдгийг олон байгууллагууд хүртэл зөвлөдөг. Ядаж хүнс, бараа бүтээгдэхүүний үнэд хамгийн их нөлөөлдөг дизель түлшнийхээ 10 гаруй хувийг дотоодоос хангана гэдэг цаашлаад эдийн засагт ч эерэг нөлөөтэй.

Гэтэл илтэд ашиг сонирхлын зөрчилтэй хууль баталсан байсныг саяхан Цэц залруулсан. Байнгын хороо болон УИХ хүлээж авсан ч улайрагчид ухрахгүй нь. Тиймээс Шатахуун хэрэглэгчдийн холбооныхон УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Анандбазар, Д.Пүрэвдорж нарыг шалгуулахаар АТГ-т ханджээ.

Сүүлийн үед УИХ-ын гишүүд нэг нэгээрээ танхимаасаа явж буй. Авлига албан тушаалын хэргээр ар араасаа шүүхийн хаалга татаж байна. Өчигдөр гэхэд л УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Хөгжлийн банкны гэх хэрэгт гэм буруутайд тооцсон. Харин одоо түүний араас дээрх гурван гишүүн явах эсэхийг цаг хугацаа л харуулах нь. 

Их хэмжээний ашиг олохын төлөө иргэдээсээ нүүр буруулсан тэдэнд төр төмөр нүүрээ харуулах цаг болсон...!