"Нүүрсний” гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.12/ болж байна. 

Шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн наймдугаар сарын 30-нд болох байсан ч уг хэрэгт холбогдсон Т.Түвшинбаатарын өмгөөлөгч “Шүүх хурал давхацсан” гэх хүсэлт гаргаснаар хойшилж, өнөөдөр товлогдсон юм.  Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан байр сууриа илэрхийллээ. 

Т.АЮУРСАЙХАН:

- Шүүх хурал хэтэрхий их сунжираад байна. Нийгэм хэтэрхий их төөрөгдөөд байна. Үнэн бодит мэдээллийг олон нийт мэдэх эрхтэй. Удахгүй ирэх 10 юмуу 11 сард нүүрсний гэх хэргийн талаар сонсгол зохион байгуулагдахаар яригдаж байна.  Тиймээс нүүрсний гэх хэрэг нь яг ямар хэрэг болох, хэн хэнийг холбогдуулсан эсэх, хэрэг нь ямар шатандаа явж байгаа талаар олон нийт аль болох хурдан мэдээлэлтэй болох ёстой. Хэтэрхий олон сар нүүрсний гэх хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ. Надтай холбоотой нүүрсний гэх хэрэг огт байхгүй. Тун удахгүй нөхцөл байдлыг олон нийт харах байх.

- Намайг 2 зүйл ангиар буруутгасан. Зохион байгуулалттай гэмт хэрэгт бусдыг элсүүлсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж. Хүний санаанд оромгүй, төсөөлөгдөмгүй зүйл ангиар буруутгаж байгаа. Шинэчлэлийн хороо 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Үндсэн хуулийн дагуу хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Эвлэлдэн нэгдсэнийхээ төлөө хэн ч хариуцлага хүлээх учиргүй. Намайг буруутгаж байгаа энэ зүйл заалт бол хүнийг маш аймшигтайгаар хилсээр гүтгэн доромжилж, харлуулж байгаа хэрэг. Нэг ёсны эрүү шүүлт. 

- Миний ажлын албанд ажиллаж байсан хүмүүс тодорхой компаниудад ажилд орсон зүйл бий. Тэдгээр хүмүүс хаана ажиллах нь тухайн хувийн сонирхол. 

- Ерөнхийлөгчтэй уулзалгүй удсан байна. Намынхантай ч уулзаж боломж хомс байна.