Бичил уурхайн бүсийн зөвлөгөөнийг зохион байгууллаа

Б.Ариунзаяа
2023/09/26

Ашигт малтмал, газрын тосны газар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын  газар (ЗДТГ), Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын  Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (МБУНДХ), planetGOLD төсөл хамтран “Бичил  уурхайн бүсийн зөвлөгөөн”-ийг Ховд хотод 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион  байгуулав. 

Зөвлөгөөнийг нээж Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга  Б.Сандагсүрэн, planetGOLD Монгол төслийн Менежер Б.Алтанбагана нар үг хэлэв. Тамгын  газрын дарга Б.Сандагсүрэн нээлтийн үгэндээ Ховд аймгийн зүгээс уул уурхайн салбартай  холбоотой томоохон хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа тул энэхүү зөвлөгөөн цагаа олсон үйл  ажиллагаа болохыг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр planetGOLD Монгол төслийн гол  зорилтын нэг болох бичил уурхай дахь мөнгөн усны хэрэглээг халах нь тун чухал ач  холбогдолтой болохыг тодотголоо. planetGOLD Монгол төслийн Менежер Б.Алтанбагана  “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хэрэгжилтийн хүрээнд баруун бүсэд  ололт амжилт юу байгаа талаар болон ямар бэрхшээл, сорилтууд тулгарч байгааг хэлэлцэх  нь зөвлөгөөний нэн чухал зорилго болохыг онцлов. Оролцогчид уг зөвлөгөөний  хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгыг нэгтгэн Зөвлөмж бэлтгэн холбогдох  байгууллагуудад уламжилж үр дүн гаргах нь чухал болохыг тэмдэглэв. 

Зөвлөгөөний эхний илтгэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Баруун бүсийн  төлөөлөгчийн газрын дарга П.Эрдэнэчулуун “Бичил уурхайн эрх зүйн орчин ба Бичил  уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилт” сэдвээр тавилаа. Тэрээр шинээр  байгуулагдсан Баруун бүсийн төлөөлөгчийн газрын бүтэц, чиг үүргийг танилцуулж бичил  уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтийг хангах, салбарын нэгдсэн  судалгаа, тооллого хийх зэрэг холбогдох ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг мэдээлэв.  Дараагийн илтгэгч planetGOLD Монгол төслийн Орон нутаг хариуцсан зохицуулагч  Д.Хишгээ бичил уурхай ба алтны нийлүүлэлтийн сүлжээ, мөнгөн усны хор хөнөөлийн  талаар мэдээлэл өгөв. Тэрээр Бичил уурхай нь алтны худалдаа, нийлүүлэлтийн  сүлжээний нэг хэсэг болж байгааг хүлээн зөвшөөрч эрх зүйн орчин, албан ёсны эдийн  засгийн үйл ажиллагааг дэмжсэнээр энэ салбараас давуу тал бий болох боломжтойг  илтгэлдээ дурдлаа. 

Ховд аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Б.Ариундолгор, Экологийн  цагдаагийн албаны Эрүүгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах Б.Сүхцэрэн нар аймгийн хэмжээн  дэх эвдэрсэн газрын мэдээлэл, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын  хэрэгжилт, бичил уурхайгаас үүдэн байгаль орчинд үүсэж буй сөрөг үр дагавар болон хууль  бус олборлолт, тэдгээртэй холбоотой хэрэг зөрчлийн талаар тус тус илтгэл тавилаа.

Түүнчлэн МБУНДХ-ны Тэргүүн, Удирдах зөвлөлийн дарга Н.Нарантөгс, Баян-Өлгий  аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын Улсын  байцаагч Х.Бахытхан нар бичил уурхайн журмын хэрэгжилтийн нөхцөл байдал, тус бүрийн  чиг үүргийн талаар танилцуулав. 

Зөвлөгөөний панел хэлэлцүүлэг үндсэн хоёр бүлэг сэдвийн хүрээнд өрнөлөө. Эхний  хэлэлцүүлэг “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэх, хяналт  тавих үүрэг бүхий талуудад тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлүүд” сэдвийн дор  боллоо. Хэлэлцүүлгийн панелистаар planetGOLD Монгол төслийн Менежер  Б.Алтанбагана, Ашигт малтмал, газрын тосны газрын Баруун бүсийн төлөөлөгчийн газрын  дарга П.Эрдэнэчулуун, МБУНДХ-ны Тэргүүн, Удирдах зөвлөлийн дарга Н.Нарантөгс, Баян- Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын Улсын  байцаагч Х.Бахытхан, Ховд аймгийн Байгаль орчны газрын  мэргэжилтэн Б.Ариундолгор, Ховд аймгийн Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн  мөрдөгч, Цагдаагийн ахлах Б.Сүхцэрэн нар оролцов. Панелистууд Бичил уурхайгаар ашигт  малтмал олборлох журам хэрэгжиж эхэлснээр салбарын нөхцөл байдал жигдэрч байгааг  онцлон тэмдэглэж, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад бичил уурхайн  салбарын зохицуулалтыг зайлшгүй тусгах хэрэгтэй гэдгийг тус тусын салбарын тоон  мэдээлэлд тулгуурлан онцлон хэлж байлаа. 

Хоёр дахь хэлэлцүүлэг “Бичил уурхайчдын амьжиргаа, ажлын байр, эдийн засгийн  бололцоог нэмэгдүүлэх, хариуцлагатай үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн ямар арга  хэмжээнүүд байж болох вэ?” сэдвийн дор өрнөв. Панелистууд тус тусын чиг үүргийн  хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг онцлов. Тухайлбал, planetGOLD Монгол  төслийн Менежер Б.Алтанбагана төслийн зүгээс цехүүдэд оруулсан хөрөнгө  оруулалтын үр ашгийг санхүүгийн эх үүсвэр болгох замаар Сэлэнгэ аймгийн Мандал  сумын Түнхэл тосгоны бичил уурхайчдыг хамруулсан Хадгаламж, зээлийн хоршоо  байгуулахыг дэмжин ажиллаж байгааг дурдлаа. Мөн МБУНДХ-ны Тэргүүн Н.Нарантөгс  бичил уурхайчдын хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын асуудлыг шийдэх  зорилгоор сумдад гэр цэцэрлэг байгуулах тал дээр ажиллаж байсан талаар хуваалцав.  Дээрх хэлэлцүүлгүүдийг МБУНДХ-ны Гүйцэтгэх захирал Б.Цэрэнчунт удирдан явуулав. 

Уг зөвлөгөөний үеэр Ховд аймгийн Татварын хэлтэс, мөн Нийгмийн даатгалын  хэлтсээс мэргэжилтнүүд ажиллаж, бичил уурхайчдад зориулан газар дээр нь зөвлөгөө,  мэдээлэл өгч ажилласанд оролцогчид талархалтай байлаа. Зөвлөгөөнд Баян-Өлгий, Ховд,  Увс аймгийн холбогдох төрийн албан хаагчид, бичил уурхайн нөхөрлөлийн гишүүд бүхий  нийт 70 орчим төлөөлөгчид оролцов. Төлөөлөгчид энэхүү зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн  төслийг хэлэлцэж батлан холбогдох талуудад хүргүүлэхээр болов. 

“Бичил уурхайн бүсийн зөвлөгөөн”-ий ээлжит зөвлөгөөн 2023 оны 9-р сарын 26-ны  өдөр Говь-Алтай аймагт зохион байгуулагдах ба Баянхонгор, Завхан аймгийн төлөөллүүд  мөн уригдан оролцох юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна