ХҮНамаас мэдээлэл хийлээ.

Намын дарга Т.ДОРЖХАНД:

- Манай намд маш олон улстөрийн хүчин, залуучууд, тэр дундаа  сум орон нутагт амьдарч байгаа иргэдээс хүсэлт ирж байна. Манай намаас "Сумаа өрөөс чөлөөлье"  гэдэг аян өрнүүлээд гурван сар болж байна. Одоогоор 120 орчим суманд очиж ажиллаад байна. Цаашлаад Монгол Улсынхаа 330 сумдаар явж ажиллана. 

- Аяны маань гол зорилго нь сумынхаа түвшинд зах зээлийг бий болгож, эдийн засгийн харилцаа үүсгэе, ажилтай орлоготой амьдралыг бий болгоё гэж байгаа юм. Сумдууд үеийн үед төсвийн цалин харж, амьдарч ирсэн. Цалин буусан 3 хоногт худалдаа наймаа явагдаж, бусад үед нь өр, зээл л бичигдэж байна. Тиймээс сумдад байгаа иргэд нь аймгийн төв рүү, аймагт байдаг иргэд нь хот руу, хотод байгаа нь гадаад руу явж байна. Энэ нүүдэл маш их эрчимжсэн байна. Үр дүнд нь сумдад  эзгүйрч, Улаанбаатар нь ачааллаа дийлэхгүй болчихлоо. Машинаа багтаахгүй түгжирч, утаагаа дийлэхгүй угаартаж, сүүлдээ шатахуунгүй болж байна. Тиймээс ХҮНам сумдад анхаарал хандуулж байгаа юм.  

- 1990 оны өмч хувьчлалд орж чадаагүй хүмүүс бол сум болон аймгийн төвийн иргэд. Хотод байгаа иргэд нь цэнхэр ягаан тасалбараараа өмчтэй болсон. Гэвч аймаг, сумдынх юу ч авч чадаагүй. Тиймээс "Сумаа өрөөс чөлөөлье"  гэдэг аян өрнүүлсэн. Үр дүнд нь өөрсдөө бизнесээ хийдэг, бүтээдэг сумд бий болно. Цаашлаад орон нутгийн хөгжил ийм загвараар хөгжүүлнэ гэдэг бодлоготой болгоно.

- Зарим сумдын иргэд цувдай, нэхий, арьсаа жалганд хаяж байна. Малынхаа сүүг саахгүй байна. Яагаад гэвэл малын түүхий эд ашиггүй байна. Тиймээс сум, аймгаа гэх сэтгэлтэй хөдөө орон нутгийн иргэд манай намд элсэх хүсэлтээ ирүүлсээр байна. Тухайлбал Архангай, Хэнтий, Сүхбаатар аймагт улстөрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хүмүүс багтайгаа манай намд элсэж байна. Орон нутгийн хөгжүүлэх сэтгэлтэй, эрүүл саруул үзэлтэй залчуучууд, төлөөллүүдэд ХҮНамын хаалга нээлттэй байх болно.