Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг үр дүнд суурилсан аргачлалаар боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн “Үр дүнд суурилсан арга зүйгээр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг  төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын албан хаагч нарыг хамруулан 2024 оны 1 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэхүү сургалтыг Эдийн засаг, хөгжлийн яам ба Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл хамтран хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа юм.   

Нийт 3 хоногийн хугацаанд яам болон төрийн захиргааны 48 байгууллагын 200 гаруй албан хаагчийг хамруулж буй тус сургалтын хүрээнд Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах шинэчилсэн аргачлал болон үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, байгууллага тус бүр өөрийн салбар, чиглэлийн жишээн дээр ажиллаж, практик ур чадвар эзэмшиж байна.


Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд зааснаар төрийн захиргааны төв болон холбогдох төрийн захиргааны байгууллагууд хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгах саналаа нэгтгэн Эдийн засаг, хөгжлийн яаманд 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхээр тусгасан байдаг.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 470 дугаар тогтоолоор “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах журам” шинэчлэгдэж, хөгжлийн бодлогын баримт бичиг тус бүрийг түүний онцлогт нийцсэн аргачлалаар боловсруулах нөхцөл бүрдсэн.

Үүний дагуу үр дүнд суурилсан арга зүйгээр “Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”, “Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө боловсруулах заавар”-ыг дээрх төслийн дэмжлэгтэйгээр хялбаршуулан боловсруулсан юм. Тус аргачлалын онцлог нь дээд эрэмбийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан тухайн жилийн хүрэх үр дүн, тэдгээрийг хэмжих шалгуур, шаардагдах хөрөнгийн хэмжээ, эх үүсвэрийг бодитой төлөвлөхөд чиглэжээ.