БАЙР СУУРЬ: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хамгийн чухал заалтыг хассан нь ямар үр дагавартай вэ?

Админ
2024/01/11

"Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл"-ийн талаар Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр байр сууриа илэрхийллээ.  УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд УИХ-ын АН-ын бүлгээс ажлын 3 хоногийн завсарлага авсан.

Энэ хуулийн талаар танхимуудын зүгээс байр сууриа илэрхийллээ. Тухайлбал одоо үйлчилж байгаа 2013 онд батлагдсан хуулийн 11.2-р хэсэгт Хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дэмжсэн маш тодорхой заалт байсан нь шинэ хуулийн төсөлд хасагдаж орж ирсэн нь Хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдийг ихээхэн цочроож байна. Энэ талаарх байрь суурийг хүргэе.

Европ, Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал  Б.ЗАНДАН:  

- Одоогийн мөрдөгдөж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр татварын тодорхой хэмжээний хөнгөлөлтүүд байсан. Жишээлбэл: Импортоор орж ирж байгаа өндөр технологи, бараа бүтээгдэхүүн дээр гааль болон НӨАТ-аас чөлөөлөх гэх мэт заалт байсан. Харамсалтай нь энэ заалтыг авч хаясан. Ер нь хөрөнгө оруулагчид бидний үүд хаалга дээр дугаарлаад зогсдоггүй. Бид дэлхийн 200 гаруй улс орнуудтай өрсөлддөг. Илүү их хөрөнгө оруулалт татахын тулд тэдэнд илүү их боломж, илүү их урамшуулал олгодог байх хэрэгтэй байна. Энэ үүднээс татварын хөнгөлөлтүүд олгомоор байгаа юм. Мөн манай хуулийн давхцалууд дээр ямар арга зам байдаг вэ гэдэг дээр асуудалтай байдаг. Жишээлбэл Хөрөнгө оруулалтын хууль дээр нэг зүйл заалт байхад тэр нь өөр хуультай харшилбал яг яах вэ гэдгийг бас энэ хууль дээр оруулж өгвөл зүгээр гэсэн байрь суурьтай байгаа.

“АМЧАМ МОНГОЛ”-ын Бодлого хариуцсан захирал Г.ЖАВХЛАНТӨГС: 

- Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2 дээр маш чухал заалтууд бий. Тогтворжуулалтын гэрчилгээ гэж яриад байгаа. Энэ нь мөн боловч хангалттай биш. Бусад улс оронтой өрсөлдөхүйц байхын тулд урамшуулал заавал өгч байх ёстой. Үүний нэг хэлбэр нь одоо мөрдөгдөж байгаа хуулийн 11.2 байсан. Гэхдээ Засгийн газар хэлсэн ярьсандаа хүрээд татварын хуулиуддаа шинчлэл оруулж үнэхээр багц шинэчлэлийг хийх хэрэгтэй. Тэгж байж асуудал шийдэгдэнэ. Харин шинэчлэгдээгүй тохиолдолд хөрөнгө оруулагчид хохироод л хоцорно. Удахгүй сонгууль болох гэж байна. Тэгэхээр энэ өөрчлөлтүүд хийгдэх үү үгүй юу гэдэг бас эргэлзээтэй байгаа нь үнэн гэлээ.

Одоогийн мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2-т: 

- "Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно: 

- 11.2.1.барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих" хэмээн заасан байдаг. 

Гэвч хэрхэн татварын хөнгөлөлт эдлүүлэх, чөлөөлөх нь тодорхойгүй, бусад татварын тухай хуулинд сууж өгөөгүй учраас олон хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгчид өр төлбөрт ордог.  Өөрөөр хэлбэл хууль хоорондын уялдаа холбоо муу. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яамдууд гол хууль биш гэж үздэг нь ялгамжтай байдлыг бий болгодог. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт төрийн өмчит төслүүд тухайлбал нь газрын тос, хөдөө аж ахуйн төслүүдэд нэг удаагийн хууль гаргах замаар хэрэгжсэн. Түүнчлэн, нэгэнт гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч нарыг дэмжих үүднээс ийнхүү хуулиа баталсан бол бусад хуулийн уялдааг нь хангах шаардлага урган гарч байна. 

Иймд шинэ хуулиа хуучнаасаа дордуулахгүй байх, хөрөнгө оруулагчдаа наандаж татварын хөнгөлөлт чөлөөлөлтөөр татах бодлогыг тусгах нь чухал байна гэдгийг танхимын төлөөллүүд онцолж байв.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.38
    2024/01/12

    Байсан баялгаа үнэгүй өгөөд газар нутаг уух ус амьсаглах агаар үгүй болсон Ашиглаж чадахгүй бол чаддаг үр хүүхдүүддээ үлээж болно Газар нутаг,ашигт малтмал ,уран эх нутагаа хэнд эзэмшүүлэх ашиглуулах өмчлөх гээд байгаа юм. Хэдхэн жилийн дотор ухаад авах юмаа аваад дуусгана хэл хил мал 3 ч үгүй болох вий дээ

    Хариулах