УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайдл Н.Учралын ЭРГЭН ИРСЭН МИНЬ номын онцлох ишлэлүүдээс хүргэж байна.

  • … Би ч яахав, үхлийн ирмэгээс эргэн ирж, дахин төрсөн хүн. Арай гэж эдгэж тэнхэрч гэртээ гэрэл гийгүүлж байсан аавыг нь үхсэн мэт зураг үйлдвэрлэж сэвж тарааж, өөрчлөгдсөн зүс царайг минь жигшин цахим гадуурхал хийхийг харсан У.Мишээл охин маань нэг өдөр “Аав аа, би крем түрхэж өгье. Аав аа, та тос түрхүүлэх үү” гэж  санаа тавихад нь өр зүрх урагдах шиг... 
  • ...2-р эмнэлэгт  байхад нэг сайт хандалтаа нэмэгдүүлэх гэж “Н.Учрал бурхан боллоо” гэх мэдээ түгээгээд маш их хандалт авч, намайг сахиад сөхөөгүй байсан ээж, эхнэр хоёр минь утсаа аваагүй тул өчнөөн хүн салах ёс хийхээр байсныг Сэкэ надад тээр сүүлд ярьж билээ... 
  • ...Хүнд өвчтэй байгаа, үхэл амьдралтай тэмцэж босож ирсэн хүний гэр бүлийнхэн маш эмзэг болдог юм. Улс төрч бид бусдад элдвээр хэлүүлээд тоодоггүй. Харин үр хүүхдүүдэд минь их эмзэг хорон, хүнд хатуу тусдаг. Тиймээс ч юм бүхэнд учир шалтгаан, харилцан шүтэлцээ оршдог тул хэлэх үгээ бодож,  хүний сэтгэлд юм хийхгүй амьдрахыг хичээх хэрэгтэй юм байна лээ...
  • ...Үхээд сэрсэн  хүн гэхдээ нэг их айдасгүй. Унаад боссон хүн унахдаа ухаарсан ухаарлаараа хүч, зориг үргэлж авч байдаг. Тархи, зүрх нь хамт ажилладаг болохоороо алдаа бага гаргадаг. Жижиг зүйлд бууж өгдөггүй. Сэтгэлийн их хаттай болдог нь үнэнээс үнэн...
  • Ли эмч орж ирээд цагаан сар болж байгаа тул хоёр мөс аманд нь хийнэ гэлээ. Сонсоход инээдтэй хирнээ 4 сар, 14 хоног хэлэн дээрээ огт юу ч тавиагүй надад үнэхээр сайхан мэдээ байлаа. Тэр хоёр мөсний мөсний амт бол дэлхийн хамгийн сайхан амт байсан. Үгээр хэлэхийн аргагүй үнэхээрийн агуу мэдрэмж байлаа... 
  • ...Би хэдийгээр “Тэмүүжингийн андууд” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг өөрийн санхүүжилтээр байгуулж, 5 жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр хүүхдүүдээ хүлээн авч 500 гаруй бяцхан иргэдээ сургаж, 80 орчим нь энгийн сургуульд элсэж, тэднийг хамгийн ихээр ойлгодог хүн гэж  өөрийгөө боддог байсан ч үнэн хэрэгтээ би өнгөцхөн хардаг байснаа ойлгосон. Өөрөө тэргэнцэр дээр суугаад гурван сарыг туулахдаа бие, сэтгэлээрээ мэдэрсэн...
  • ...Эмнэлгээс гарсан өдөр миний биеийн жин 58 кг болсныг мэдээд өөртөө итгээгүй. Би уг нь 100-105 кг байсан жингийн тал нь алга болж. Биеэс бүтэн нэг хүний бие гараад одсонтой ижил юм. Амьд гарсандаа л баярлахаас биш биеийн жин ч яамай. Монгол руугаа, эх орон руугаа яаран тэмүүлэн буцлаа. Хань минь надтай хамт элэг бүтэн буцаж байгаадаа л баярлаад баярын нулимс унагасаар онгоцонд суулаа...