Улс төрийн талбарт өөрийн гэсэн өнгө төрх, бодлогоо тодорхойлж, шинэ хувьсгал эхлүүлээд байгаа ШИНЭ нам гурван үеийн төлөөлөл болсон гишүүдээр бүл нэмлээ. Тэдний дунд ахмад үеийн төлөөлөл Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, дунд үеийн төлөөлөл сэтгүүлч Д.Отгонтуяа, залуу үеэ төлөөлж хөтлөгч, жүжигчин Т.Оргилмөнх нар намын гишүүний батлах гардаж, энгэрийн тэмдгээ зүүлээ.

ШИНЭ намын дарга Ц.Гантулга: ШИНЭЭР ЭЛСЭЖ БАЙГАА ГИШҮҮД ӨӨРИЙН ГЭСЭН БОДЛОГОТОЙГОО ИРЖ БАЙНА

Манай ШИНЭ нам сүүлийн жилүүдэд өөрсдийн боловсруулсан бодлогоо ажил хэрэг болгохын төлөө эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн томоохон баг ажиллуулж, илүү өргөн хүрээнд ажиллахаар зорьж ирсэн. Тиймээс өнөөдөр ШИНЭ намд шинэ гишүүд элсэж байна. Шинээр ирж байгаа гишүүд маань, Т.Баярхүү доктороос эхлээд өөрийн гэсэн тодорхой бодлоготой, түүнийгээ ажил хэрэг болгохоор зорин ирж байна.


Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: ШИНЭ НАМААСАА ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ

Хамтарч, нэгдэж ажиллах намаа сонгохын тулд чамгүй хугацаанд бодсон. Шинэ намд судлаачид, эрдэмтэд, эх орончид байна. Миний дэвшүүлж байгаа онолтой нийлж байгаа учраас зорьж ирсэн. Нөгөө талаар УИХ-д суудалгүй ч өнгөрөгч 2020 оны сонгуулиар дөрөвдүгээрт орж, ард түмний дэмжлэг авсан учраас энэ намын ирээдүйд итгэсэн. Нөгөө талаар ШИНЭ намыг удирдаж байгаа залуус цаг үеэ мэдэрсэн, алс хэтээ харсан бодлоготой учраас сонгож ирлээ. Миний хувьд Шинэ намаас өөр сонголт байхгүй гэж харж байна.

Сэтгүүлч Д.Отгонтуяа: МИНИЙ ӨМНӨӨ ТАВЬСАН ЗОРИЛГОТОЙ НИЙЦЭЖ БАЙГАА УЧРААС ШИНЭ НАМЫГ СОНГОЛОО

ШИНЭ намыг сонгосон сонголт бол миний өмнөө тавьсан зорилго, хүсэл мөрөөдөлтэй нийцэж байгаа учраас ШИНЭ намыг сонгосон. Мөн  ШИНЭ намд ажиллаж байгаа удирдлагын баг, залуус, тэдний бодлого таалагдсан учраас сонгосон. Бид хамтдаа бүх зүйлийг шинээр төлөвлөж, шинээр эхэлж байна.


Сэтгүүлч Т.Оргилмөнх: ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ БИЙ ГЭЖ ХАРСАН УЧРААС ШИНЭ НАМЫГ СОНГОЖ ИРСЭН

Залуу хүний хувьд тодорхой шалтгааны улмаас улс төрд орж байна. Бид нар яаж ч хичээгээд нийгэмд байгаа энэ дарамтнаас гарч чадахгүй байна. Иргэний хувиар цахим орчинд үзэл бодлоо илэрхийлдэг. Тухайн үедээ хүмүүс дэмжиж байгаа ч тодорхой цаг хугацааны дараа мартчихдаг. Талбай дээр жагсаж тэмцэнэ гэхээр хэдэн жүжигчид нь ирээд самарчихдаг. Сүүлийн үед тэвчээр барагдсан. Төрийн эрх барьж байгаа нам хулгай хийж байгаагаа тоохоо больсон. Тиймээс залуу хүний хувьд улс орондоо яаж өөрийнхөө хувь нэмрийг оруулах вэ гэж бодсон. МАН, АН-д гишүүнээр орж болох ч би хулгайчуудын дунд ороод яаж үзэл бодлоо илэрхийлэх юм. Харин ШИНЭ нам бол залуучуудын нам юм байна, энд хулгайч алга, луйварчин алга. Залуучууд маань нэгдэж өөрсдийнхөө зорилгыг тодорхойлж сайхан амьдрах боложмийг харсан учраас ШИНЭ намыг сонгож ирлээ.