Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцож өвөлжилтийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төрд нүүрлэж буй авлигын талаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.ЖАРГАЛАН: 

-  Монгол Улс даяар өвөлжилт хүндэрсэн, зуд, үер усны аюул хөдөө төдийгүй хотод нүүрлээд байна. Энэ өвөл 176 мянган мал хорогдсон гэсэн мэдээ байна. Малчид энэ өвөл маш хүнд нөхцөлтэй өвөлжиж байна. Өнгөрсөн хугацаанд гал усны аюултай холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газар, шадар сайдад шаардлага хүргүүлсэн байгаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл, зуд, үер усны асуудалтай холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газар ямар арга хэмжээ авч байгаа талаар ярьж байна.

Цагаан сарын өмнө иргэдийн амьжиргааны талаар тодорхой судалгаануудыг хийсэн. Инфляц Монгол Улсын эдийн засгийн маш томоохон асуудал байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд үнийн өсөлт хамгийн их санаа зовоосон асуудал болж байна. 2016 онтой харьцуулахад өнгөрсөн 8 жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өссөн. Сар шинийн баярын ширээ засагдахад шаардлагатай бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 46 хувь буюу тал хувиар өссөнийг ҮСХ-оос харуулж байна. Цагаан сарын ачаалал иргэдэд маш хүндээр тусаж байна.

Өнгөрсөн 8 жилийн хугацаанд бүтээгдэхүүний үнийн хэмжээ 3 дахин өслөө. Орлогын өсөлт нь бараа бүтээгдэхүүний үнийг гүйцэхгүй байгаагийн улмаас иргэдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна. Монгол Улсын нийт хүн амын 27 хувь нь ядуурлын түвшнээс доогуур амьдралтай байна. Нөгөө талаас өргөн цар хүрээнд хийвэл манай улсын нийт хүн амын тэн хагас нь ядуурсан байна гэдгийг эдийн засагчид танилцуулж байна. Тийм учраас иргэд арга буюу зээл авч өрх гэрийнхээ амьжиргааг залгуулж байна

Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 87 хувь нь ямар нэг банканд зээлтэй байна. Нэг зээлдэгчийн дундаж зээлийн хэмжээ 8,6 сая төгрөг байна. 2016 онд Ардчилсан нам засаглаж байх үед нийт насанд хүрсэн иргэдийн 43 хувь нь зээлтэй байсан бөгөөд ипотекийн урт хугацааны, хөрөнгөжүүлэх зээлүүд эзэлж байсан бол одоо бол иргэдээ ядууралд оруулах хэрэглээний зээлүүд байна. Иргэдийн амьжиргааны талаар тоо баримттай дурдлаа.

Нөгөө талд төр засгийн орлого маш их хэмжээгээр өсөн нэмэгдсэн. 2023 онд Монгол Улс түүхэнд байгаагүй их хэмжээний нүүрс буюу 70 сая нүүр 8,9 тэрбум ам долларын нүүрсний борлуулалтыг хийсэн байна. Бид 1,5 тэрбум ам долларын Чингис бондоор ямар их хэмжээний бүтээн байгуулалт хийснийг бид мэдэж байгаа. Иргэдийн амьдрал, амьжиргаа доройтсоор байхад дарга нарын амьжиргаа нэмэгдсээр байна. Бид Засгийн газарт шаардлагуудыг хүргүүлэх болно гэв.