Увс аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэн тэргүүтэй төлөөллүүд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар, ТЕГ-ын дарга Б.Заяабал, АМХЭГ-ын Газрын тосны дарга Б.Дашпүрэв нарыг АТГ, ТЕГ-аар шалгуулахаар мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ах, дүү нартайгаа нийлж Увс аймгийн “Хотгор шанага”-ын уурхайг Солонгосчуудад 30 сая доллараар зарсан орлогын албан татварыг төлүүлэхийг шаардаж байна.

Сонгуулийн Ерөнхий Хороо аймаг, сумдын сонгуулийн хороо хууль сурталчлаагүй улмаас Увс аймгийн ИТХ-д нэр дэвшигч 38 иргэн тус бүр 10 сая төгрөгөөр торгуулах болсон байна.

- “Хотгор шанага”-ын уурхайг Солонгосчуудад 30 сая доллараар зарсан орлогын албан татвар олон нийтэд ил болох ёстой. Учир нь үүнийг тойрсон маш их авлигал, хээл хахууль, хууль бус үйлдлүүд яригддаг.  

- Хардаж байна. ТЕГ-ын дарга Б.Заяабал, АМХЭГ-ын Газрын тосны дарга Б.Дашпүрэв нар бол Ч.Хүрэлбаатарын бүлэглэлийн хүмүүс. Эдгээр хүмүүс бүлэглэлээд гэмт хэрэг үйлдээд байгаа юм биш биз. Төлөх ёстой татвар төлөгдөөгүй байгаа юм биш биз. 

- Орон нутгийн сонгуульд оролцож байхдаа нээлгэсэн хандивын дансаа хаалгаагүйн төлөө 10 сая төгрөгөөр торгуулчихаад байна. Гэтэл төрийн өндөр албан тушаалтнууд газар нутгаа зарж байна, татвараас бултаж байхад яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ.

- Увс аймгийн хэмжээнд 60 гаруй хүн хандивын дансаа хаалгаагүйн төлөө 10 сая төгрөг торгууль төлөх яланд унаад байна. Бүх дансыг нь битүүмжлээд, хөрөнгөө битүүмжүүлээд байна.

-  Бид ТЕГ-ын дарга Б.Заяабалд маш их гомдолтой байна. Одоо УИХ-ын сонгуульд Увс аймгаас нэр дэвшинэ гэж явж байгаа. Яагаад гэвэл ганцхан манай Увс аймагт ийм торгуулийн ял авсан хүмүүс байна. Анхан шатны шүүхээр 10 сая төгрөгийн торгуулийн ялыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл давж заалдаад ядарсан хүмүүс их хэмжээний торгууль болчихоод байна. 

- 10 сая төгрөгийн торгуулийн ялаас ганцхан хүн чөлөөлдөг. Тэр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Тиймээс эрхэм Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг энэ ялаас чөлөөлж өгөхийг гуйж байна. Яагаад гэвэл бид улсад нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй.