#Шууд: НИТХ дахь “ХҮН” намын төлөөлөгчид нийслэлийн төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Д.ГАНТУЛГА: 

- НИТХ дахь “ХҮН” намын бүлгээс Х.Нямбаатарын өргөн барьсан, 2024 оны нийслэлийн төсвийн тодотголтой холбоотойгоор мэдэгдэл хийж байна. Учир нь Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийслэлийн төсвийг үр ашиггүй, дураараа, үзэмжээрээ зарцуулахыг зорьж байна.

- 2024 оны нийслэлийн төсвийн тодотголд Сүхбаатарын талбай орчим болон хотын төвийн зам дагуух явганы хүний замын чулуун хавтангуудыг байгалийн чулуугаар солих ажилд 45,6 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан нь нийслэлийн удирдлагууд иргэдийн амьдралаас хэр холдсоныг харуулж байна. 

- Нийслэлийн гэр хороололд явган, дугуйн зам болон авто зам барьж байгуулах шаардлага өндөр байхад хотын төвд одоо байгаа замыг хуулахаар улайрч байгаа нь төсвийн мөнгийг тендер зарлах замаар үгсэн хуйвалдаж, дураараа захиран зарцуулах, дундаас нь цавчаа хийдэг бродюрын мафийн нэг хувилбар нь явган хүний зам болж байна. 

- Х.Нямбаатар төсвийн төслийг өргөн барихдаа холбогдох хуулиудыг уландаа гишгэж байна. Тэрбээр 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хуралдахаар төлөвлөсөн Нийслэлийн төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуулийн 47.2-р заалтыг илт зөрчиж, хуралдаан эхлэхээс хэдхэн цагийн өмнө төсвийн төслөө өргөн барьсныг НИТХ дахь “ХҮН” намын бүлгээс эсэргүүцэж,  төсөл санаачлагчдад нь буцааж, хуулийн дагуу хэлэлцэх боломжтой болсон. 

- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар захиргаадалтыг богино хугацаанд эрчимтэй сэргээж байна. Х.Нямбаатар шийдвэр гаргахдаа иргэд болон эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудын саналуудыг авах, оролцоог хангаж ажиллахыг үл хайхарч, УИХ-аар хууль батлуулах, Засгийн газраар шийдвэр гаргуулах замаар дээрээс гаргасан шийдвэрийг иргэдэд тулгадаг захиргаадалтын арга барилыг сэргээж байна.

- Х.Нямбаатар ажил хэрэгч бус дарамтлагч арга барилыг НИТХ-ын танхим оруулж ирлээ. Асуулт, санал, зүй ёсны шүүмжлэлийг ажил хэрэгчээр хүлээн авах чадваргүй, ялангуяа сөрөг хүчнийхнийг огт үндэслэлгүйгээр гүтгэх, шантаажлах арга барилаар ажиллаж байна. Тухайлбал БЗД-т гарсан дэлбэрэлтэд өртсөн иргэдэд эмгэнэл илэрхийлэх ёстой байсан, цаашид ийм соёлыг нийслэл нэвтрүүлэх ёстой гэсэн санал хэлсэний төлөө Суруга Монгол компанитай огт үндэслэлгүйгээр гүтгэж, хууль бус мэдээллийг НИТХ-ын индэр дээр хийж байгаа нь Х.Нямбаатар дарангуйлагч, сүрдүүлэгч арга барилыг зарласан үйл явдал боллоо.