УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. 

О.ЦОГТГЭРЭЛ:

- Бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Мэргэжлийн Нэгдсэн Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ. Үүгээр иргэний нийгмийн байгууллагын талаарх хуулийн шинэчилсэн найруулгын талаар саналаа хүргүүлнэ. Хоёрдугаарт нь шинэ парламентын хуулийн дэгийн асуудлын талаар, гуравдугаарт сүүлийн үед цахимаар дуулиан тариад байгаа оюуны дайжилт буюу "Brain Drain Index"-ийн талаар үзэл бодлоо илэрхийлэх юм.  Мэргэжлийн холбоог заавал яамнаас зөвшөөрөл авна,  таван жил тутам сунгана гэж заасан байна. Энэ бол ардчилсан тогтолцоо руу халдсан хуулийн төсөл хэлэлцэх гэж байна. Утга санааны хувьд ч иргэний нийгмийн байгууллага руу халдсан хуулийн төсөл орж ирж байна. 

- Манай улсаас яагаад залуучууд гадагшаа дайжаад байна вэ гэдгийг олон улсын шинжээчид оюуны дайжилт буюу "Brain Drain Index" үзүүлэлтээр тодорхой харуулж байна. 2016 онд энэ үзүүлэлтээр 3.00 байсан бол өнгөрсөн онд 4.20 болтлоо өссөн. Бараг 50 хувь нэмэгдсэн байна. Энэ нь манай улсад амьдрах нөхцөл тааруу, залуучуудад боломж олдохгүй байгааг илэрхийлж байгаа юм. 

- Өмнө нь түр зуур гадагшаа явах хүсэлтэй байсан бол одоо эргэж ирэхгүйгээр гарах хүсэлтэй болжээ. Энэ үзүүлэлтийг гаргахдаа хоёр гол хэмжүүр байдаг аж. Эхнийх нь эдийн засгийн буюу цалин орлого хүрэлцээгүйгээс, хоёрдугаарт нь нийгмийн тэгш бус байдалтай холбоотой.

- Авлига ихсэх тусам л иргэд Монголоос явах хүсэлтэй байгаа нь баримтаар нотлогдож байна.  Залуучууд ажил хийгээд байгаа мөртлөө л ядуу байна.