Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаатай холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн яамнаас дараах тайлбарыг хүргэж байна.

Манай яамнаас уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Монгол Улс дахь тамхин болон никотин агуулсан бүтээгдэхүүний зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэглээний түвшин, хүн амын орлогын түвшин, инфляц, татварын ачаалал, хөрш болон бүс нутгийн улс орнуудын татварын бодлогыг харьцуулан судалж, тооцоо шинжилгээ хийсний үндсэн дээр саналаа боловсруулсан.

ЭЗХЯ нь хэн нэгэн гишүүний санаачилсан төсөл болгоныг үндэслэлгүйгээр дэмжих боломжгүй юм.

Эдийн засаг, хөгжлийн яамны байр суурь нь тамхидалтыг бууруулах бодлогыг дэмжихийн зэрэгцээ татварын өөрчлөлтөөс үүдэн хууль бус худалдаа, далд эдийн засаг, татварын орлогын алдагдал бий болох эрсдэлийг давхар тооцох шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Өнөөдөр Монгол Улсад нэг хайрцаг янжуур тамхи дунджаар 4,200 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол хөрш болон бүс нутгийн зарим улс оронд, жишээ нь ОХУ-д 9,300 төгрөг, Казахстан улсад 7,860 төгрөг, Киргизстан улсад 6,790 төгрөг, Узбекистан улсад 6,000₮ -р худалдаалагдаж байна. Харин цахилгаан тамхины зах зээлд 2 мл никотин агуулсан бүтээгдэхүүн дунджаар 15,000 төгрөгөөр, никотин агуулаагүй төхөөрөмжүүд 70,000 төгрөг орчим үнээр худалдаалагдаж байна.

ОХУ

9300

КАЗАКСТАН

7860

КИРГИЗСТАН

6790

УЗБЕКИСТАН

6000

ЯНЖУУР ТАМХИНЫ ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭ /2026 оны байдлаар/ 

Тиймээс онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг авч үзэхдээ хэрэглэгчдийн худалдан авах чадвар, өрхийн амьжиргаа, инфляцын түвшин болон бүс нутгийн өрсөлдөх орчныг харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна.

Харин хуулийн төсөлд тусгагдсан зарим хувилбараар онцгой албан татварыг 2030 он хүртэл шат дараатай нэмэгдүүлэхдээ бүс нутгийн ижил төрлийн зах зээлүүдтэй харьцуулахад хэт өндөр түвшинд хүргэхээр байгаа нь хууль ёсны худалдааг хумих, хууль бус импорт болон контрабандын эрсдэлийг нэмэгдүүлэх, улмаар татварын суурийг агшаах сөрөг үр дагавар үүсгэж болзошгүй гэж үзэж байна.

Монгол Улс эдийн засаг, татварын бодлогын тооцоолол боловсруулах аргачлалтай, мэргэжлийн байгууллага, судлаачидтай бөгөөд бодлогын шийдвэр нь судалгаа, тооцоо, нотолгоонд суурилах ёстой. Иймд салбар яамдын боловсруулсан тооцоо, судалгааг улс төрийн байр сууринаас үл хамааран бодитойгоор авч үзэх нь төрийн бодлогын залгамж чанар, шийдвэр гаргалтын чанарт чухал ач холбогдолтой юм.

Эдийн засаг, хөгжлийн яам цаашид ч тамхидалтыг бууруулах зорилтыг дэмжихийн зэрэгцээ эдийн засгийн тогтвортой байдал, татварын үр ашиг, хууль бус худалдааны эрсдэлийг цогцоор нь харгалзан үзсэн бодлогын шийдлийг дэмжин ажиллах болно.