Монгол Улсын Эрүүл мэндийн яам Бүгд Найрамдах Солонгос Улсын “АдипоЛабс” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд “REMISSION 1°C” дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол боллоо.

Арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, БНСУ-ын “АдипоЛабс” ХХК-ийн Ерөнхий захирал Хан Сун Хо, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, орчин үеийн эмчилгээний технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх нь манай салбарын тэргүүлэх зорилтын нэг. Өнөөдрийн хамтын ажиллагаа нь зөвхөн нэг төхөөрөмжийн хандив бус, Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нутагшуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх урт хугацааны түншлэлийн эхлэл болно” хэмээн онцоллоо.

БНСУ-ын “АдипоЛабс” ХХК-ийн Ерөнхий захирал Хан Сун Хо “Манай компанийн өндөр хэмт дулаан эмчилгээний Remission 1 төхөөрөмжийг Монгол Улсад хандивлаж, хорт хавдрын өвчтөнүүдийн эмчилгээнд ашиглах боломж бүрдэж байгаад баяртай байна. Энэхүү хандив нь хорт хавдрын улмаас шаналж буй олон монгол өвчтөний эмчилгээнд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг үе шаттайгаар хөгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд хүлээлгэн өгсөн “REMISSION 1°C” дулаан эмчилгээний төхөөрөмж нь хавдрын эмчилгээний шинэ технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх, орон нутгийн иргэдэд чанартай тусламж, үйлчилгээг ойртуулахад чухал ач холбогдолтой алхам болж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.