Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляц долоодугаар сард Улаанбаатарт болон улсын хэмжээнд 13 тай хувьтай гарч, инфляцыг тогтворжуулагч мөнгөний бодлого хатуурах нөхцөлийг бүрдүүлээд байна. Нийлүүлэлтийн хүчин зүйлээс голлон өдөөгдөж буй инфляцын нөлөөг цаашид бууруулахын тулд бодлогын ямар арга хэмжээ шаардлагатай байгааг эдийн засагчид энэ үед хэлж анхааруулж байр сууриа илэрхийлсээр байна. Тэдний олон нийтийн сүлжээнд болон хэвлэл мэдээлэлд өгсөн дараах байр сууриудыг онцолж байна.

Э. Золбаяр Lemon press.mn Ерөнхий редактор
Монголбанк ганцаараа инфляцыг барих үүрэггүй, чадахгүй. Мөнгөний бодлогыг чанга бодлогыг хэрэгжүүлээд удаж байна. Улам чангалаад байвал зах зээл чинь хэцүүднэ. Харин төсвийн бодлого, улстөрчдийн поп шийдвэрүүд, мөнгө тараалт, худалдаа тээврийн бодлогууд гэх мэт асуудлуудыг илүү анхаармаар байна...

Б.Бадрал Үнэт санхүүгийн группын ТУЗ-ийн дарга
Мөнгөний бодлогын хүү нь инфляцыг тогтворжуулахад ашиглаж байгаа гол хөшүүрэг хэвээр байна. Гэхдээ өнөөгийн нөхцөлд Төв банканд мөнгөний бодлогын орон зай улам бүр хязгаарлагдаж байна. Учир нь инфляцад хамгийн хүчтэй нөлөө үзүүлж байгаа гол шокууд нь мөнгөний бодлогоор шууд удирдах боломжгүй, нийлүүлэлтийн гаралтай шинжтэй байна.Энэ шокуудыг удирдахын тулд мөнгөний хатуу бодлогоор дахиад үргэлжлүүлэх юм бол монголын эдийн засаг маш хүнд байдалд орно. Гэхдээ бидний харж байгаагаар цаашид бодлогын хүүг өсгөх тренд бий. Магадгүй, 9, 12 сард Мөнгөний бодлогын хороо хуралдаж, энэ асуудал дээр ярилцах байх, гэхдээ шатахуун дээр орж ирж байгаа нийлүүлэлтийн инфляц, мөн дотооддоо үүсээд байгаа махны үнийн өсөлтөөс үүдэлтэй бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт мөн аль ч улсаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн (импорт)-ийн үнийн өсөлт шууд иргэдийн орлого дээр нөлөөлж байна. Тийм учраас төв банканд бодлогын хүүг буулгах орон зай үнэхээр байхгүй. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлтээ өдөөхгүйн тулд үргэлжлүүлэн хатууруулах төлөвтэй байгаа болов уу.

Н.Энхбаяр Эдийн засагч
Үндэсний статистикийн хорооноос гаргасан 8-р сарын 10-ны өдрийн байдлаарх хэрэглээний барааны үнийн индекс 13.0 хувьд хүрч өсчээ. Үүнд голлон нөлөөлсөн хүчин зүйл бол хүнсний барааны бүлэг буюу махны үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэж тайлбарласан байна. Үүн дээр сүүлийн нэг сар гаруйн хугацаанд үргэлжилж байгаа бензин шатахууны тасалдал, бензиний жижиглэнгийн үнийн өсөлт нэмэгдэж 8-р сарын эцсийн байдлаар инфляцийн түвшин 14 хувьд ч дөхөж болзошгүй байна. Манай улсын хувьд 2008-2014 онуудад инфляци тогтвортой өндөр түвшинд байж, энэ үед Монголбанкнаас мөнгөний бодлогыг чангаруулах арга хэмжээг авч ирсэн.
Эдийн засгийн онолын хувьд Монголбанкнаас авч байгаа эдгээр арга хэмжээ зөв боловч инфляцийг намжаах, тогтворжуулахад хүрэлцээтэй арга хэрэгсэл, арга хэмжээ байж чадахгүй. Үүний гол учир нь Монгол орны газар зүйн байрлал, манай эдийн засгийн бүтцийн онцлогтой холбоотой.
Эдийн засаг нь бүхэлдээ зах зээлийн эдийн засгийн хөшүүргээр зохицуулагддаг, төрийн оролцоо харьцангуй бага, аж үйлдвэрлэл нь сайн буюу хангалттай хөгжсөн улс орнуудад Төв банкны мөнгөний бодлого хүчтэй арга хэрэгсэл болж чадна.
Харин бэлчээрийн мал аж ахуйтай, ХАА-н түүхий эд бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн сүлжээ сул хөгжсөн, бензин шатахууны хувьд ганцхан зах зээлээс өндөр хамааралтай, эдийн засгийн улирлын нөлөөлөл ихтэй манай улсын хувьд инфляцийг өдөөж байгаа суурь шалтгаан өөр байна.
Тухайлбал:
1. 2024 оны эхний 6 сартай харьцуулахад энэ оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн махны хэмжээ 2 дахин буурч 8,400 тн-д хүрсэн.
2. Геополитикийн нөхцөл байдал, улсын хэмжээнд бензин, шатахууны нөөц савны хүрэлцээгүй байдлын улмаас оны эхний саруудад сар тутамд 250.0 -260.0 мян тн түлш шатахуун импортолж байсан бол 7-р сарын байдлаар сарын импорт 190.0 орчим мян тонн болж 25.0 -27.0 хувиар буурчээ.
Ийм байдлаар хэрэглээний үнэд хүчтэй нөлөө үзүүлдэг мах, бензин шатахууны нийлүүлэлт тасалдалтай, нийлүүлэлт тогтвортой бус байна.
Иймээс инфляцийн өсөлтийн хурдыг цаашид сааруулахын тулд зөвхөн Монголбанк л ажиллах бус, Засгийн газар, холбогдох яамдын зүгээс нийлүүлэлтийн доголдолыг арилгах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, тогтворжуулах шаардлагатай.
Инфляцийн эсрэг авах арга хэмжээг буруу авч хэрэгжүүлбэл "Инфляцийн чөтгөрийн тойрог" гэдэг зүйл үүсч төсвийн зарлагаар дамжуулан дараа дараагийн инфляцийг өдөөдөг тойрогт орох тохиолдол зарим улс орнуудад тохиолдож байсан. Ийм байдлаас сэргийлэхийг нэртэй эрдэмтэн судлаачид, олон улсын банк санхүүгийн байгууллагууд зөвлөж, анхааруулдаг юм шүү!

Эдийн засагч Ж. Дэлгэрсайхан
Наймдугаар сар гарснаас хойш Үндэсний статистикийн хорооноос гаргаж буй мэдээллээс харахад харьцангуй нааштай мэдээ байна. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт саарч, зарим бүтээгдэхүүний үнэ буурч эхэлсэн талаар мэдээлэл гарсан. Гэхдээ 13 хувийн инфляц гэдэг бол үнэхээр харамсалтай үзүүлэлт. Энэ нь иргэдийн бодит орлогод маш том дарамт болж байна. Бодит цалингийн индекс болон хэрэглээний үнийн индекс ойролцоо түвшинд хүрсэн нь нийт иргэдийн бодит орлого нэмэгдэх боломж хязгаарлагдаж байгааг харуулж байна. Яг ийм нөхцөлд Монгол Улс шиг эдийн засгийн бүтэц нь гажуудсан, нийт өрхийн 50 гаруй хувь нь 2 сая төгрөгөөс доош орлоготой эдийн засагт инфляц иргэдэд маш том дарамт болно. Энэ дарамтыг бууруулахын тулд юуны өмнө мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах шаардлагатай. Өнөөдрийн инфляцын суурь шалтгааны нэг нь өмнөх тав, зургаан жилийн төсвийн огцом тэлэлттэй холбоотой. Эдийн засагт бүтээмж нэмэгдэхгүй, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн чадавх өсөхгүй байхад мөнгөний нийлүүлэлтийг зохиомлоор нэмэгдүүлж, төрийн худалдан авалт, төрийн бүтэц, төсвийн хэмжээг тэлсэн нь инфляцын дарамтыг бий болгосон.
Тиймээс Монголбанк мөнгөний бодлогын хүрээнд төдийгүй төсвийн түвшинд ч мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж байж инфляцыг тогтворжуулах боломжтой. Бүтээмж, нийлүүлэлтийн чадавх болон түүхий эд, хүнс, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт эрэлтийг хангахуйц түвшинд хүрэх хүртэл төсвийн харьцангуй танасан бодлого, мөнгөний харьцангуй хатуу бодлогыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Харамсалтай нь бид тодорхой хэмжээний хямрал, хүндрэл үүсэх бүрд инфляцыг өдөөх бодлогын шийдвэр гаргадаг. Цалин, тэтгэврээ нэмэх, халамжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ нь тухайн үедээ иргэдэд нэрлэсэн орлогын хувьд эергээр харагддаг боловч бодит амьдрал дээр богино хугацаанд дэмжлэг үзүүлээд, улмаар инфляцаар дамжин эргээд иргэдийн худалдан авах чадварыг бууруулдаг. Өөрөөр хэлбэл, урт хугацаандаа нийт эдийн засагт сөрөг үр дагавартай бодлогын сонголт юм. Тиймээс инфляц мөнгөний нийлүүлэлттэй нягт холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр нөгөө талд үйлдвэрлэж, нийлүүлж чадах бараа, үйлчилгээний хэмжээ, бүтээмж хангалттай өсөхгүй байвал инфляц бий болно. Үүнийг бид өнөөдөр ойлгож, бодитой, хатуу бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!