ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, өөрийн болон гэр бүлийнх нь нэр төрд халдсан, гүтгэлгийн шинжтэй мэдээлэлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр төрийн сайдын хувьд тангараг өргөж, хүлээсэн үүргээ биелүүлэн өнөөдрийг хүрсэн ч сүүлийн үед удам судар, гэр бүл, тэр дундаа амьдралд хөл тавьж буй охиных нь нэр төрд үндэслэлгүйгээр халдаж байгаад харамсаж буйгаа хэлэв.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан:

“Харамсалтай нь удам судар, гэр бүл, амьдралд хөл тавьж буй охин үрийн минь нэр төрд үндэслэлгүй халдаж байна. Миний гэр бүлийг хүний ёсонд байхгүйгээр гүтгэсэн.

Би энэ асуудлыг эцэг хүний хувьд гомдол гаргаж шалгуулсан. Гэтэл даамжирч, хил хязгаараа алдаж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн тэрбээр уг асуудлыг зөвхөн өөрийн гэр бүлийн хүрээнд авч үзэх бус, улс төрийн орчинд үүсэж буй илүү өргөн хүрээний асуудал гэж харж байгаагаа хэллээ.

Түүний хэлснээр, улс төрчдийг нийгэмд “дүүжилж”, улс төрийн барьцаа болгон ашиглах байдал урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрч байгаа бөгөөд үүний цаана улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн ашиг сонирхол байж болзошгүй гэж үзэж байна.

“Монгол Улсын хэмжээнд, улс төрчдийн дунд улс төрийн барьцаа болгож нийгэмд дүүжилдэг байдал байгаагүй. Шалтгаан нь улс төрчид, бизнесийнхний мафийн сүлжээ түүхэнд байгаагүйгээрээ ажиллаж байна. Улс төрийг үгүй хийх хэмжээнд хүрч байна.

Энэ бол санамсаргүй тохиолдол биш. Эртнээс нарийн төлөвлөж, зохион байгуулсан” гэв.

Тэрбээр цаашид асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулж, гэр бүлийнх нь нэр төрд халдсан асуудалд хуульд заасан журмын дагуу хандахаа илэрхийллээ.

Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.