Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2020 оны Улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар хэлэлцэж баталсан. 

 

Хуралдааны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийв. Тэрбээр "Байнгын хорооны гишүүд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар багасгах саналыг дэмжлээ. Ингэснээр 2020 оны Төсвийн тухай хуулийн 3-р зүйлийн орлого ба зарлагаас тус бүр 172 тэрбумыг хасна. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэлийг 25 хувь болгон нэмэгдүүлэх гэж байгааг 23 дээр нь зогсоож, 2 хувиар нэмсэн 2017 оны хуулийг өөрчлөхөөр боллоо.

 

Харин бусад хоригийг хүлээж аваагүй. Үүнд Төсвийн хөрөнгө оруулалтын 2-р хавсралтад байгаа 386 барилга, арга хэмжээний тухай байсан юм.

 

Тухайлбал, 2020 оны төсөв 386 барилгын 350 тэрбум байгааг хасахаар оруулсан ч зөвшөөрсөнгүй. Сүүлийн хавсралтад 10 барилгыг дурдсан. Үүнд Драмын болон Дуурийн театр багтаж байгаа.

 

Драмын театрыг шинэчлэн барих нийт төсөвт өртөг 52 тэрбум бөгөөд ирэх онд хоёр тэрбумыг төсөвлөсөн байна. Харин Дуурь, бүжгийн театрыг шинэчлэн барих нийт төсөвт өртөг 54.6 тэрбум байгаагаас ирэх онд хоёр тэрбумыг төлөвлөсөн байгаа юм.

 

Дуурийн театр болон Драмын театрыг Байгалийн түүхийн музейтэй адил нураалгачихгүйн тулд хориг тавьсан. Ирэх онд төсөвлөөд буй хоёр тэрбум нь яг юунд зарцуулагдахыг сайн мэдэхгүй байгаа ч Байгалийн түүхийн музейн жишээг харвал нураах магадлал өндөр байна. Тиймээс мөнгийг нь хасчихвал нураахгүй гэж бодсон ч хүлээж авсангүй" гэлээ. 

 

Түүнчлэн Ирээдүйн өв сангийн тухай хууль гэж бий. 2016 оны хоёрдугаар сард хууль нь батлагдан хэрэгжих ёстой байсан. Хуулийн дагуу тусгай корпорац байгуулагдаж, сангийн үйл ажиллагааг зохицуулах ёстой байсан бөгөөд Сангийн яамнаас ангид байлгахаар төлөвлөсөн байсан ч МАН Засгийн эрхийг аваад одоог хүртэл корпорацыг байгуулаагүй өдийг хүрч байна" гэлээ.