УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсан Төрийн ордонд амиа алдсантай холбоотойгоор хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь Н.Номтойбаяр гишүүн байсан. Тэр өөрөө ч үүнийгээ хэлж, гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн гэдгээ .өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ онцолсон. 

 

Мөн энэ үеэр “Хуулийн байгууллага намайг гүтгэж, бүр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хөөцөлдөж явна” гээд АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарыг нэр цохож байв. Тэгвэл түүний "зөгнөл" биелжээ. АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УЕПГ-т хүргүүлсэн байна.

 

Учир нь УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж байж шалгадаг юм.  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хууль хяналтын байгууллага хэд хэдэн үндэслэлээр шалгаж байгаа. Тодруулбал, түүнийг УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан худал мэдүүлэг, тайлбар өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан.

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татах шүүх хурал өнгөрсөн баасан гаригт болсон. Шүүх бүрэлдэхүүн түүнд холбогдох прокурорын хүсэлтийг хэлэлцээд “Таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй” гэж үзсэн

 

Түүнийг прокурорын газраас гэрчийн мэдүүлэг өгөхдөө хуурамч мэдүүлэг өгсөн хэмээн хилийн хориг тавих, шүүх таслах арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлснийг хэлэлцэж шийдвэр гаргасан нь энэ юм. 

 

Түүнчлэн Н.Номтойбаярыг төрийн өндөр албан тушаалтнууд ХЭДС-гаас хамаарал бүхий этгээддээ их хэмжээний хүүгүй мөнгө зээлэхэд түүнийг нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзэж байгаа билээ.