Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Б.ЖАВХЛАН:

- Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас гаргасан бондуудын зарцуулалтыг шалгах Ажлын хэсэг гаргалаа. Өнөөдрийг хүртэл Монгол улс 2012 оноос хойш нийт долоон бонд гаргасан. 2012 оны арванхоёрдугаар сард "Чингис" бонд 1.5 тэрбум ам.доллар, 2015 оны зургадугаар сар "Дим Сам" бонд, 2016 онд "Мазаалай" бонд гарч нийт 2.2 тэрбум ам.долларын бонд гарсан. 2012-2016 онд нийт 2,2 тэрбум ам.долларын бонд гарсан. 2016 оноос хойш "Хуралдай", "Гэрэгэ", "Номад", "Century" бонд нийт 3 тэрбум ам.долларын бонд гарсан. Эдгээрээс зөвхөн нэг бонд  "Чингис" бонд л төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. Харин бусад нь бонд, төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан. 

- 2012-2016 онд АН засаг барьж байх үед төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. 2016 оноос хойш МАН засаг авахад өрийг өрөөр төлж эхэлсэн. Яагаад гэвэл тэр хэмжээний бондын өрийг төлөхөд тэр хэмжээний валютын нөөц байхгүй. Тухайн үед өр тавьсан хүмүүс одоо дефолт болох гэж байна гээд алга ташаад явж байна. Энэ Засгийн газар хамгийн хүндийг нь үүрч байна. 

- Өрийн асуудал бол их эмзэг асуудал. Дэлхий нийтээр эдийн засаг эмзэг байгаа энэ үед дотроо дефолт болох гэж байна гэж ярьж болохгүй, болгоомжлох ёстой. 

- "Чингис" бонд 1.5 тэрбум ам.долларын бараг 50 гаруй хувь нь  Хөгжлийн банкны үүссэн чанаргүй зээл болсон. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны чанаргүй зээлийн  анхдагч үүсвэр нь "Чингис" бонд. 

- Цаашид бид өр тавих гэхээс илүүтэй, зарцуулалт дээр анхаарах хэрэгтэй. Өрийн ашиглалт зөв бол дефолт гарахгүй гэж ойлгож болно.