Манай улсад анх 2000 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Аялал жуулчлалын тухай хууль батлагдаж байсан. Үүнээс хойш 23 жилийн дараа  Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ эцэслэн баталлаа. Хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах, жуулчдын тоог нэмэгдүүлэх зохицуулалтуудад онцгойлон анхаарсан гэлээ.

Х.ГАНХУЯГ: 

- Засгийн газар 2025 оныг дуустал “Монголд зочлох жил” буюу Аялал жуулчлалын жил хэмээн зарлаад байна. Энэ хүрээнд манай улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх нь нэн тэргүүний асуудал юм.

Манай улс 2019 онд хамгийн олон жуулчин буюу 500 мянган жуулчин хүлээн авч 200 сая долларын орлого төвлөрүүлсэн байдаг. Урт хугацаандаа жуулчдын тоог 10-20 сая  хүргэнэ гэж зорилт тавьсан. Өнөөдөр УИХ-аар эцэслэн баталсан Аялал жуулчлалын тухай хуульд:

  • Зарим орны иргэдийг Монгол улсад визгүй зорчуулах
  • Жуулчдын худалдан авалтад НӨАТ-ын буцаан олголт өгдөг байх
  • Тур оператор, тур агентуудыг эхний таван жилд орлогын албан татвараас хөнгөлөх
  • Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх
  • Аялал жуулчлалын дэд бүтэц бий болгох зэрэг олон чухал зохицуулалт тусгагдлаа. 

Гадна гэхгүй дотоодын жуулчдад хүндрэл үүсгэдэг дэд бүтцийн асуудал энэ салбарт тулгамдах нэн тэргүүний асуудал болсон. Боловсон ариун цэврийн өрөөнөөс эхлээд замын сүлжээг нэмэгдүүлэх гэх мэт дэд бүтцийн олон ажлууд хийгдэх ёстой. Тиймээс хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа гишүүний хувьд дэд бүтцийг эрэмбэлсэн байдлаар зохицуулалт хийхэд анхаарч ажиллалаа. Ингэхдээ 

  • Төсвийн хөрөнгө оруулалтаар
  • Гадаадын зээл тусламжаар
  • Төр хувийн хэвшлийн түншлэлээр аялал жуулчлалын маршрутын дагуу төр захиргааны төв байгууллага болох яам нь хялбаршуулсан журмаар зөвшөөрөл олгох юм. 

Уг хуулийг дагалдаад Казиногийн хууль, бооцоот морин тойруулгын тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэнэ.  Тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх асуудал цуцлагдсан. Ямар нэг тусгай зөвшөөрөл байхгүй. Тур оператор тур агентууд хөтөч гэх мэт бусад мэргэжлийн байгууллагууд хамтраад төрийн бус байгууллагаа байгуулаад нийтийн эрх зүйн хуулийн этгээд байгуулна тэр нь хөтөчийн мэргэжлийг дээшлүүлэх, сургалт сурталчилгаа, бүртгэлээ хариуцна энэ ТББ- ийн тодорхой тооны хүмүүс Аялал жуулчлалын үндэсний хороо буюу ЕС- ийн дэргэд салбараа төлөөлж бодлогоо томъёолоход оролцоно гэв.