Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн 47 дугаар чуулганд санал өгөх бүрэн эрхтэй гишүүн улсын хувиар оролцож байна.
Чуулганы эхний өдрүүдэд төлөөлөгчид өмнөх хурлын шийдвэрийн хэрэгжилт, зөвлөх байгууллагуудын үйл ажиллагааны тайлан, Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлтэй өвүүдийн хадгалалт, хамгаалалтын үнэлгээ, мөн Дэлхийн өвийн болон Аюулд өртсөн өвийн жагсаалтын шинэчлэлтүүдийг хэлэлцэв. Шийдвэрүүдийг ICOMOS, IUCN зэрэг олон улсын зөвлөх байгууллагын техникийн үнэлгээнд үндэслэн баталжээ.
Мөн томоохон дэд бүтэц, мега төслүүдийн Дэлхийн өвийн дурсгалт газруудын бүрэн бүтэн байдалд үзүүлэх нөлөөллийг үнэлэх асуудал чуулганы гол сэдвийн нэг байв.
Монгол Улс энэ хугацаанд дэлхийн соёл, байгалийн өвийг хамгаалах олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, үндэсний соёлын өвөө олон улсад сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж байна.
Түүнчлэн, чуулганы үеэр Монгол Улсаас соёлын ангиллаар нэр дэвшүүлсэн “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх бэлтгэл ажлыг төлөөлөгчид үргэлжлүүлэн хангаж байна.










Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!