Аавын хүү хоёрыг АТГ-аас саатуулахын учир

Админ
2019/10/03


Өнгөрсөн дөрвөн сард Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчид буюу ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпораци”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өчигдөр шөнө цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ. Хууль хяналтын байгууллагынхан дөрвөн хүн цагдан хорьсон тухай мэдээлдэг байсан ч дөрөв дэх хүн нь хэвлэлийнхний хувьд “Ноён Х” байсан юм.  Харин сүүлд тэрхүү нууцлаг хүн нь  “Канетик” компанийн захирал Ганбат овогтой Хүрэлбаатар буюу МАН-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд асан Д.Ганбатын хүү байсан нь тогтоогдсон.

 

Тэрбээр “Монголын зэс корпораци”-ийг анх “Жумейра” нэртэйгээр Д.Эрдэнэбилэг нар байгуулахад Г.Хүрэлбаатар тус компанийн захирал, үүсгэн байгуулагчаар нь ажиллаж байсан нь баримтаар нотлогддог. Энэ талаар Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан асуудлыг шалгах УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд “Худалдаа хөгжлийн банкнаас 68 сая ам.долларын зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрээс худалдан авах зэсийн баяжмалыг барьцаалсан зээлийн гэрээнд “Жумейра” компанийг үүсгэн байгуулсан Г.Хүрэлбаатар гарын үсэг зурж, авсан зээлээ “Монголын зэс корпораци”-д шилжүүлсэн” хэмээн дурдагддаг. Улмаар энэ нь Ганбат овогтой Хүрэлбаатарыг Ганц худагт саатуулахад хүргэсэн. 


Тэгвэл энэ сарын нэгний өдөр Г.Хүрэлбаатарын аав болох Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Дангаагийн Ганбатыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа урьдчилан хорих 461-р ангид хорьсон. Түүнийг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.


Түүнийг өмнө нь Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс”-ийн удирдлагын холбогдсон хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн яллагдагчаар тооцсон байсан. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн хүдрийн орд газраас тус аймгийн Ерөө сум дахь Хандгайт өртөө хүртэл 33.4 км төмөр зам концессоор барьж 2015 онд ашиглалтад оруулахдаа замын ажлын үнийн дүнтэй холбоотой баталгаажуулсан акт, дүгнэлт гараагүй, Сангийн яам, ТӨБЗГ, “Монголын төмөр зам” зэрэг байгууллагад ажлын гүйцэтгэлтэй холбоотой санхүүгийн баримт, тооцоог өгөөгүй байхад 112.66 сая ам.доллароор барьсан хэмээн тооцож улсад хүлээн авч хохирол учруулсан хэрэгт буруутгаж байгаа аж.Түүнчлэн ашиглалтын хугацаа нь дуусч, актлагдсан 1000 вагон худалдан авах чиглэлийг Дэд сайд Б. Цогтгэрэл, УБТЗ-ын дарга Д. Жигжиднямаад өгч мөнгө угаасан байж болзошгүй гэнэ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна