Б.Сүхбаатар: “Буянт -Ухаа 2” хороололд ирэх найман сараас иргэдийг оруулна

Админ
2019/06/27

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн дунд шинээр батлагдах журам болоод бүртгэл хэзээ эхлэх нь хүлээлт бий болоод буй. БХБЯ-аас нийслэлд баригдаж буй 972 айлын орон сууцыг Нийслэлийн орон сууцны корпораци руу шилжүүлсэн гэдгээ мэдэгдээд байгаа. Харин Нийслэлийн Орон Сууцны Корпораци”-ийн зүгээс журам гарсаны дараа бүртгэлийн хугацааг зарлана гэсэн. Тэгвэл түрээсийн орон сууцны цахим бүртгэл ирэх сарын 22-нд эхлэхээр болжээ. Энэ талаар “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Журмын төсөл танилцуулагдаад явж байгаа цахим бүртгэл 7 дугаар сарын 22нд эхлэнэ. “Буянт -Ухаа 2” хороололд баригдсан 972 айлын орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй байгаа.

 

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг хэрхэн сонгох талаар тал талаас нь ярьж байна. Манайхаас оруулсан журамд сонгон шалгаруулалт хэлбэрээр явуулахаар тусгагдсан. тухайлбал залуу гэр бүл гэхэд гэр хороололд амьдардаг, нийгмийн даатгал төлсөн хугацаа, хүүхдийн тоог харгалзан үзнэ. Өрх толгойлсон ээж, аавуудын хувьд гэр хороололд амьдардаг, хамгийн олон хүүхэдтэй айлаас нь эхэлж олголт хийх маягаар сонгон шалгаруулна. Шилэн, нээлттэй ил тод байх учир танил талдаа хахуул өгч хамрагдах асуудал үүсэхгүй.

 

Түүнчлэн журамд Буянт-Ухаа 2 хорооллын 972 айлын орон сууцны 30 хувийг БХБЯ-аас гаргасан зорилтод бүлгийн хүмүүст түрээсийн хэлбэрээр олгох бол 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр олгоно. Үлдсэн  40 хувийг дараагийн түрээсийн орон сууц барихад зориулсаг газар чөлөөлөлтөд зарцуулна. Түрээслээд өмчлөх хэлбэрээр олгогдож байгаа орон сууцанд иргэн сард ямар хэмжээний төлбөр төлөх талаар бид тооцлол гаргасан. Гэхдээ Хөгжлийн банкны хүү буурвал сард төлөх хэмжээ түүнийгээ дагаад буурна гэж үзэж байгаа. Сард сая төгрөгөөс илүүгүй байхаар зорьж ажиллаж байна. Аль болох хурдан хугацаанд иргэдээ оруулахаар ажиллаж байгаа учир цахим бүртгэлээ ирэх сарын 22-нд эхлүүлж, найм сараас орооэ сууцандаа оруулна ” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна