Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сарын 5-9-нд болох Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ баг оролцоно.
Монгол Улсын Үндэсний эрэгтэй волейболын шигшээ багийг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын өмнө Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч, баг тамирчдад амжилт хүсэн ерөөв.
Монгол Улсад волейболын спорт 1927 оноос хөгжиж эхэлсэн бөгөөд энэ жил тус спортын хөгжлийн 100 жилийн түүхэн босгон дээр ирээд байна. Энэ хүрээнд Зүүн Азийн Волейболын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотын “ASA Arena”-д зохион байгуулагдах юм.
Тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн эрэгтэй шигшээ багууд өрсөлдөж, Зүүн Азийн аваргыг тодруулна. Мөн энэхүү тэмцээн нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх болон дэлхийн чансааны оноо олгох ач холбогдолтой.
Сүүлийн жилүүдэд Монголын волейболчид олон улсын мэргэжлийн лигүүдэд тоглож, туршлага хуримтлуулж буй. Тухайлбал БНСУ, Тайвань, Тайланд, Энэтхэгийн лигүүдэд тоглосон Т.Хангал, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Батсуурь нар энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ.
Зүүн Азийн Волейболын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болох бөгөөд хөгжөөн дэмжигчид үндэсний шигшээ багаа эх орондоо дэмжих боломжтой юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!